Сар шинийн баярын үеэр Орхон аймагт 40 хүүхэд мэндэлжээ
Сар шинийн баярын үеэр Орхон аймагт 40 хүүхэд мэндэлсэнээс 19 нь хүү, 21 нь охин байна. БОЭТ, ЭМГ хариуцлагатай жижүүр гарган ажиллаж 800 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Үүнээс осол гэмтлийн шалтгаантай 11, архитай холбоотой 51, төрөх 11 дуудлага ирсэн аж.
Мөн энэ сарын есөнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд гарсан авто ослын улмаас 13 хүн гэмтэж 10 хүн Орхон аймгийн БОЭТ-д эмчлүүлжээ. Үүнээс 13, 18 настай хүүхдүүд яаралтай хагалгаанд орж элэг, дэлүүгээ тайруулсан байна. Үүнээс зургаан хүн нь Улаанбаатар хот руу явж үлдсэн нь БОЭТ-д эмчлүүлж байгаа гэж ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг хэллээ. Мөн БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн Хүлээн авах тасагт сар шинийн баярын үеэр 457 хүн ирж үзүүлсэнээс 37 хүнд яаралтай хагалгаа хийсэн байна.
Харин хүний амь нас хохирсон гурван тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баян-Өндөр сумын Даваат багт 54 настай Д, Булаг багт 31 настай Б, Уртын гол багт 50 настай О нар биедээ ил шархгүйгээр нас барсан хэрэг гарсан тул үүнийг шалгаж байна гэж Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Батбаяр аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр онцлон хэлсэн юм.