Монголын эмэгтэйчүүдийн холбоо УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ
Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, ажлын байрны бэлгийн дарамт, бага насны охидын бэлгийн хүчирхийллийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд УИХ, Засгийн газар зэрэг хууль тогтоогчдод хандан дараах 5 шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Үүнд:
1. УИХ-д өргөн бариад байгаа Гэр бүлийн тухай хуулийг хаврын чуулганаар улс төржихгүйгээр батлахыг шаардаж байна. Гэр бүлийн харилцааг тогтворжуулах үүрэгтэй энэ хуулийг батлуулснаар хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад нэн шаардлагатай байна.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж, хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог болохыг шаардаж байна.
Түүнчлэн хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй байгаа эмэгтэйчүүд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд хандах боломжтой. Тэгснээр бид таны өмнөөс шүүхэд хандах боломжтой.
3. Бага насны охидын бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн ойр дотны хүмүүс үйлддэг учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад дарагдах тохиолдол их байна. Тиймээс хууль шүүхийн байгууллагуудад энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах бүхий л шатанд шударга ёсыг тогтоож, гэмт этгээдүүдэд ял завших боломж олгохгүйгээр ажиллахыг шаардаж байна.
4. Ажлын байрны бэлгийн дарамт хэдий ил гардаггүй ч нийгэмд нийтлэг байна гэсэн статистик байдаг. 795 хүнээс онлайн судалгаа авахад ажлын байрны бэлгийн дарамтад өртөгсдийн 98 хувь нь эмэгтэйчүүд байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлахыг шаардаж байна. Мөн байгууллагууд дотоод журамдаа тусгаж, урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хуульл тусгаж өргөн барьсан 7 ба 8 дугаар зүйлийг сайжруулан батлахыг шаардаж байна.
5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан ч гэр бүлийн орчинд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй нэмэгдэх хандлагатай байна. Иймд хүчирхийллийг үл тэвчиж, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоог хангаж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хуулийг сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулахыг Засгийн газраас шаардаж байна.” гэлээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2018 онд хохирсон 1135 хүний 93 хувь бие махбодийн хохирол амссан бол 2 хувь нь сэтгэл санаа, 4 хувь нь бэлгийн, 1 хувь нь эдийн засгийн дарамт, хохирол амссан байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдийн хорих ангид ажиллажээ. Хориход 16-70 насны 200 гаруй эмэгтэй хүмүүжиж байгаагаас 37 нь хаалттай буюу чанга дэглэмтэй хорих ангид хүмүүждэг байна. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас үүссэн санаатай хүн амины хэргээр ял эдэлж байна.
Иймд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж, шүүн таслахдаа хэргийн мөн чанар, аргагүй хамгаалалтыг нягтлан тогтоож шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо.