Г.Энэрэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос зохион байгуулж буй өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Тэмцээнд 50 орны 13-17 насны 200 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж, шилдгүүд тодорсоор байна.
Тухайлбал, охидын 71 кг-ын жинд Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын анхны туйванч боллоо. Түүний шагналыг олон улсын шүүгч Л.Одгэрэл гардуулан өгчээ.
Өмнө нь М.Анхцэцэг залуучууд болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин болсон юм. Энэ жил 17 настай Г.Энэрэл өсвөрийн ДАШТ-ий анхны медальтан боллоо. Монголын туйванчдын тив, дэлхийн анхдагчаар эмэгтэй тамирчид тодорсоор байна. Энэ бүх амжилтын цаана Монголын хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр бий.
Г.Энэрэл огцомоор 77 кг, түлхэлтээр 105 кг өргөж, нийлбэр дүнгээр 182 кг-аар зургадугаар байрт орлоо. Энэ жинд нийт 13 тамирчин өрсөлдөж, Мексик, АНУ, Перугийн тамирчид медальт байранд шалгарсан байна. Г.Энэрэлийн хувьд нийлбэр дүнгийн үзүүлэлтээр зургадугаар байрт орлоо.
Өсвөр үеийн ДАШТ-ээс түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртсэн, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Энэрэл Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч юм. Түүний анхны дасгалжуулагч Д.Чинзориг бөгөөд энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч Х.Одхүүгийн удирдлага дор оролцжээ.
2019 оны өсвөр үеийн ДАШТ-д Монголын хоёр эмэгтэй тамирчин оролцож, 71 кг-д Г.Энэрэл түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртсэн бол 59 кг-д Б.Хонгорзул шагналт тавдугаар байр эзэллээ. Мөн олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүгчээр ажиллаж байна.
Тэмцээн энэ сарын 16-нд өндөрлөнө.