Г.Сувд: “Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, харин хойч үеэсээ зээлж авсан”
-Клубынхээ үйл ажиллагааг танилцуулвал. Танай клубынхан ямар ажлууд хийдэг вэ?
-Би оюутан болсон цагаасаа эх дэлхийнхээ ирээдүйн төлөө өнөөдөр хийж байгаа зөв сонголт, зөв үйлдэлүүд нь “Тогтвортой хөгжил юм” гэдгийг ойлгож мэдэж эхэлсэн. Хүн энэ талаар мэдээд эхлэхээр миний гаргаж байгаа шийдэл бүхэн байгальд ямар үр дагавар авчирах билээ. Миний сонголт үнэхээр чухал уу гэдгийг боддог болчихдог юм байна. Тэр бүгдийг мэддэг болтлоо маш их зүйлийг уншиж судалсан. “Отгонтэнгэр” их сургууль маань “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг сургалтынхаа хөтөлбөрт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх боломж олгосон тул “ОТИС 2030” клубыг байгуулан үйл ажиллагаа явуулж байна.
Би энэ клубыг ахалдаг. Манай клуб нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг өөрсдөө санаачлан хэрэгжүүлж байна. Бид ихэвчлэн хог хаягдлыг дахин ашиглах буюу гарын доорхи материалуудаар бүтээлүүд хийдэг. Тухайлбал, цаасны хог хаягдал ашиглан оюутан залууст хэрэгтэй өврийн дэвтэр хийсэн. Хуванцар савны бөглөөгөөр хогийн сав хийж, сургуулийнхаа анги танхимд байршуулсан. Тогтвортой хөгжлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор оюутнууд болон ЕБ-ийн зарим сургуулиудад сургалт явуулсан. Нэгдүгээр курсын оюутан дүү нартаа “2030 оны даалгавар” нэртэй Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг таниулах арга хэмжээг зохион байгуулсан.
Мөн бид НҮБ-аас гаргасан байгаль орчноо хамгаалах тухай комикийг эх хувиар нь зохиогчын зөвшөөрөлтэйгээр авч англи хэлнээс монгол хэл рүү орчуулан зургийг нь монгол ахуйтай ойролцоо болгон хэвлэн гаргасан. Мөн Сэтгүүл зүйн ангийн оюутнууд маань Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр мультмедиа болон контент бүтээлүүд гарган цахим орчинд олон нийтэд хүргэсэн.
Энэ хөтөлбөрийн хүрээнд бид “Ногоон сургууль” болох зорилт тавин “Ногоон оффисын үнэлгээ” сургалт явуулсан. Оюутан залуус маань Отгонтэнгэр сургууль дээрээ, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам зэрэг байгууллагуудад “Ногоон оффисын үнэлгээ” хийн шаардлагатай зөвлөмж зөвөөлгөөнүүдийг хийж ажилласан гээд маш олон ажил хийсэн.
-Энэ бүхнийг мэддэг болсноор Сувдаагийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бол?
-Маш их өөрчлөлт гарсан. Хамгийн энгийн жишээ нь бид хогоо ангилж сурсан. Хогоо ангилсанаар гэртээ ч хогоо ангилж хаядаг болсон. Гудамжинд хог хаядаггүй болсон. Усаа хэмнэдэг болсон. Хяналтгүй, хайр гамгүй хэрэглээд байгаа ус маань эргээд бидэнд, бидний үр хүүхдэд ямар үнэ цэнээр олдох вэ гэдгийг ойлгодог болсон.
Бид бүхний өмсөж зүүж байгаа бүхэн ямар шат дамжлагаар ирдэг вэ гэдгийг судалсан. Тиймээс бид хэрэгцээгүй хэрэглээгээ танаж эхэлсэн. Ингэснээр бид байгаль дэлхийдээ тодорхой хэмжээний өөрийн хувь нэмрээ оруул байна гэж үздэг. Үр дүнд нь би дүү нартаа зөвөлгөө өгч байна. Хэрэггүй зүйл худалдан авахыг нь болиулж байна.
Шаардлагагүй үед тог цахилгаанаа салгаж сурсан. Миний мэдсэн сурсан бүхэн амьдралд минь ажил хэрэг болж, дүү нар маань ч нэг нэгэндээ усаа хэмнэж, цаасыг ариг гамтай ашиглахыг зөвлөж байна. Бид нэг нэгэндээ үлгэрлээд ойлгуулж чадвал, ирээдүйд бидний амьдрах орчин сайн сайхнаар өвлөгдөн үлдэнэ гэж итгэж байна.
-Хэрэгцээгүй хэрэглээгээ танана гэдэг нэг талаараа ирээдүйн төлөө таны хийж байгаа хамгийн сайн үйл гэж ойлгох хэрэгтэй юм байна тийм үү. Энэ талаараа хүмүүст хандаж хэлэх үг юу байна?
-Нэг ийм үг байдаг даа. “Бид бүхэн эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй. Харин хойч үеэсээ зээлж авсан” гэж. Зөвхөн бид л яг одоо энэ дэлхий дээр амьдраад дуусахгүй. Таны миний үр удам, хойч үе дараа нь амьдарна. Тиймээс хойч үедээ яг энэ байгаль дэлхийгээ өвлүүлж үлдээхийн тулд бид өнөөдөр өөрсдийнхөө шаардлагагүй хэрэглээгээ танаж эхлэх хэрэгтэй. Ямар ч шаардлагагүй гаргадаг үйлдлүүдээ ухамсарлах хэрэгтэй.
-Бодлогогүй үйлдлүүд нь юу байдаг вэ, жишээ татвал?
-Бодлогогүй үйлдлүүдийн жишээ олон бий л дээ. Ямар ч шаардлагагүй зүгээр л шунал гэдэг зүйлдээ хөтлөгдөн маш их зүйлийг худалдаж авдаг. Жишээлбэл, би өөртөө нэг ширхэг цамц худалдан авахад байгаль дэлхийд маш их хог хаягдал ялгаруулдаг. Нэг цамцыг хийхэд 10 тонн хөвөн шаардагддаг. Хөвөнг гаргаж авахын тулд их хэмжээний ус шаардагдана. Мод агаарын бохирдолын шалтгаан нь миний нэг цамц худалдан авсан хүслээс л үүдэж байна.
-Хүний хүсэл дуусашгүй. Тэр хүслээ дарахын тулд хүн юу хийвэл болох вэ?
-Хүн өөрийнхөө хүүхдэд, өөртөө хайртай байдаг шиг зөвхөн өнөөдөр биш ирээдүйд миний хайртай хүүхэд үр хүүхэдтэйгээ амьдрах юм шүү гэдэг талаас нь харж ойлгоосой. Оюутан залуус маань өнөөдөр сурч мэдэхдээ илүү анхаарч байж болох ч таны хэрэгцээгүй хэрэглээ даамжирсаар, нэг л мэдэхэд дэлхий даяар амьдрал хэцүү болчихвол яах вэ. Тэгвэл бидний сурсан мэдсэн ямар ч утгагүй, ирээдүйн зорилго огт өөр болж өөрчлөгдөнө. Ус уухын төлөөх тэмцэл нь миний зорилго болчихвол яах вэ. Тиймээс ирээдүйд ямар нийгэмд амьдрахыг хүсэж байна тэр хүсч байгаа бүхнийхээ төлөө л бид өнөөдөр ухаарч, дор бүртээ хичээх ёстой.
-Хамгийн энгийн, эх дэлхийнхээ төлөө хүмүүсийн хийж чадах зүйл юу байгаа бол?
-Их энгийн. Чанартай зүйл худалдаж авдаг байх хэрэгтэй. Маш олноор хийгддэг чанаргүй зүйлийг худалдаж авдаггүй болчихвол үйлдвэрлэлийн явцад гардаг хог хаягдлыг багасгах боломжтой. Мөн бид усныхаа хэрэглээг зохицуулж сурах хэрэгтэй. Крантны усаа дуусахгүй юм шиг маш удаан гоожуулж орхидог. Тэгвэл нэг аяга усаар гараа угаах бүрэн боломжтой. Ямар нэгэн байдлаар боловсруулсан хог хаягдал гаргахгүй байх хэрэгтэй. Дэлгүүрээс худалдан авалт хийлээ гэхэд олон дахин гялгар уут худалдан авдаг байсан бол нэг даавуун ууттай болох хэрэгтэй. Миний хувьд энэ сонголтыг хийснээр гялгар торыг байгальд хог болгон хаяхгүй байх боломжтойг сайтар ойлгосон. Энэ бидний боломж.
-Хогоо ялган ангилж болж байна. Дахин боловсруулах үйлдвэрийн асуудал сайн шийдвэрлэгдээгүй шүү дээ?
-Монгол Улсад дахин боловсруулах үйлдвэр хэд хэд байдаг. Хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр, дайвар дахивар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэр байгаа. Дэлхий дахинд бүх хогийг дахин боловсруулах боломжгүй гэж үздэг юм билээ. Харин дэлхий дээрх хаягдаж байгаа хогийг тэр хэмжээгээр нь биш багасгахын тулд л дахин боловсруулалт хийдэг. Харин ялгаж ангилахгүй байвал овор хэмжээ томтой хэнд ч хэрэггүй маш их хог болно. Эхний ээлжинд ялгаад сурчихвал түүнийг боловсруулаад ямар нэгэн юм хийж болно. Хуванцар хогоо боловсруулаад дахин ашиглаад сурчихвал, бидний хийж чадах Эко үйлдэл болох юм.
-Юуны өмнө орон сууцны гаднах савнуудад хогоо ялгаж хаядаг болгочихвол?
–Тийм, тэр хогийг нь харин тухайн хороо дүүрэг, СӨХ нь нэгдсэн байдлаар дахин боловсруулах үйлдвэрт хүргэж өгөх эсвэл тэдэнтэй холбогдож магадгүй түүнийг тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх зэргээр ажлын байрыг нэмэгдүүлэх боломж ч байж болно.
-Мод тарих ажилд оролцдог гэсэн шүү дээ. Хаана очиж мод тарьж байсан бэ?
-Манай сургуулийнхан эко аялал хийхдээ Төв аймгийн Эрдэнэ суманд мод тарихаар очиж байсан. Учир нь Монголд төдийгүй дэлхийд жил ирэх бүрийд ой модны хэмжээ багасаж, ойгүй болж байна. Энэ хэрээрээ агаарын бохирдол нэмэгдэж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэхийн тулд мод тарьдаг. Нөгөө талаар ой модонд ан амьтдын гуравны нэг нь амьдардаг. Тэр утгаараа байгаль орчин, эко системийг тогтвортой байлгахын тулд ой мод, ойжуулалт бидэнд маш их хэрэгтэй. Тиймээс өөрийн хувь нэмрийг оруулахыг хүссэн. Хамгийн гол нь хүмүүс бидний амьсгалах агаарыг бэлэглэж байгаа модыг тарьсан болохоор сэтгэл үнэхээр сайхан байсан шүү.
Ц.Оюунсарнай
ЭНЭ ОХИН СОЛИОД ХЭЛЧИХЖЭЭ
eh delhiigee ubulj avaagui gejee daraa ni hoich uedee uvluulj uldeene gesen baih ym ohin mini arai l dutuu bodood baina daa gehdee zugeeree aytaihan sanaa bas baina shuu amjilt… Цааш унших
ӨВӨГ ДЭЭДЭС ЧИНЬ БАЙХГҮЙ БОЛ ХОЙЧ ҮЕ ЧИНЬ Ч БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ АЙН