Дэлхийн энх тайван эмэгтэйчүүдийн гарт байна
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 63-р чуулган энэ сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын төв байранд эхэлсэн. Чуулган 22-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Энэ оны ээлжит чуулга нь Нийгмийн хамгааллын систем, нийтийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, хүйсийн тэгш эрхийг хангах тогтвортой дэд бүтэц, охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдах бөгөөд 60-р чуулганы төгсгөлийн баримтуудад тусгасан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх ба түүнд хамаарах тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэнэ.
Жил бүрийн чуулганд гишүүн орнуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс гадна төрийн бус байгууллагуудын мянга мянган төлөөлөл дэлхийн өнцөг булан бүрээс цуглан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд гаргасан амжилт ололтоо дүгнэхийн сацуу учирч буй сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар бүтээлч санаа, туршлагаа солилцдог уламжлалтай.
Энэ удаагийн чуулганд олон улсын 4000 гаруй төрийн бус байгууллагын 9000 гаруй төлөөлөгчид хуран цугласны дотор Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, тус холбооны АНУ дахь зохицуулагч Ц.Сарангэрэл нар үйл ажиллагаанд амжилттай оролцож байна.
Тэдний мэдээлснээр “Дэлхийн эмэгтэйчүүд илүү эрхийн тухай бус ижил эрхийн тухай асуудлыг хөндөж, тэгшээр сэтгэж, ухаалгаар бүтээж, өөрчлөлтийн төлөө шинэчлэх талаар ярилцаж байна. Мөн хүйсийн тэгш байдал охид эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л хүчирхийллийг төгсгөл болгоход хөвгүүд, эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжихийн чухалыг онцлон хэлэлцэж байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хөвгүүд, эрэгтэйчүүд үйлдэж байна. ЭЭЖ хүний хувьд хөвгүүдээ халамжлан өсгөхдөө ХАЙРЛАХ, хүндэтгэхэд сургаж чадвал хүчирхийлэлгүй нийгмийг бүтээж чадна. Дэлхийн энх тайван эмэгтэйчүүдийн гарт байна” хэмээн хэлснийг дэлхийн бусад орны эмэгтэйчүүд маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авсан” гэжээ.
3-р сарын 12-ны өдрийн үдээс хойш ерөнхий ассамблейн танхимд болсон “Эмэгтэйчүүд 2000: Хүйсийн эрх тэгш байдал хөгжил 21-р зуунд энх тайвныг сахиулах” сэдэвт дээд түвшний нэгдсэн хуралдаанд төрийн бус байгууллагууд ажиглагчаар оролцсон.
НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн Аж Байдлын комисс нь хүйсийн эрх тэгш байдал эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх олон улсын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор тусгайлан байгуулагдсан дэлхийн бодлого боловсруулах байгууллага юм.
Тус комисс нь эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, иргэний эрхийг дэмжих чиглэлээр зөвлөмж гаргах эрхтэйгээр НҮБ-ийн эдийн засаг, нийгмийн зөвлөл ECOSOC-ийн 1946 оны 6-р сарын 21-ний өдрийн II (II) шийдвэрээр байгуулагдсан түүхтэй ажээ.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо гишүүд оролцож байгаа чуулганы үйл явцын дэлгэрэнгүйг дараах https://research.un.org/en/CSW63?fbclid=IwAR3U1gF2Znd2vWzNkoOAZJs20dJGqqPd1-mCtdwPVchJynSrIH8aajQ63RE вэб хуудаснаас авч болно. Мөн цахим орчинд #сsw63 холбоосыг ашиглан унших боломжтой юм байна.