Гадаад харилцааЭрүүл мэнд
Филипп Мэрлин: Яаралтай түргэн тусламжийн эмч нарт зориулсан сургалт явуулна
Мөн Эрүүл мэндийн салбарт Дэлхийн эмч нар, Аксион Монголи, Санте Сюд, Апау зэрэг хэд хэдэн ТББ-ууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллага хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл багаж, тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах, хамтарсан судалгаа хийх, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт арга барил нэвтрүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг мөн онцоллоо.
Үүний дараагаар Элчин сайд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа 1992 оноос өнөөг хүртэл өргөжин хөгжиж байгааг онцлоод энэ хугацаанд төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Одоогоор эрүүл мэндийн салбарт Дэлхийн эмч нар, Аксион Монголи ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр байгууллагуудын шугамаар шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд татварын асуудал хүндрэлтэй байдаг тул энэ тал дээр анхаарч өгөхийг хүслээ.
Мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны замын зураглал гарган, цаашдын үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлон ажиллахаар харилцан тохиролцсон тул эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тэргүүлэх чиглэл, шийдвэрлэвэл зохих асуудлуудаа тусган ажиллах нь зүйтэй болохыг мэдэгдлээ.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нисдэг тэрэг нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд зөвхөн гамшиг, ослын үед төдийгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, шаардлагатай тохиолдолд алслагдсан аймгуудаас өвчтөн, эм тариа тээвэрлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохын зэрэгцээ төслийн хүрээнд яаралтай түргэн тусламжийн эмч нарт зориулсан сургалтууд тогтмол явагдахаар төлөвлөж байгаа тул энэ тал дээр дэмжиж ажиллах саналыг дэвшүүлэв.
Уулзалтын явцад талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх аливаа төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэнээр уулзалт өндөрлөсөн байна.