Сансрын хөлөг онгоц “Апполон-11”
Хүн төрөлхтөний түүхэнд сансарт анх ниссэн нь ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин юм. Зөвлөлтийнхөн анх удаа сансарт өөрийн төлөөлөгчөө гаргаж чадсан нь Америкчуудын сэтгэлийг ихэд гонсойлгожээ. Сарыг судлах тал дээр ч гэсэн ЗХУ-ын тал АНУ-аас түрүүлэв. Үүний баталгаа нь “Луна-1” болон “Луна-2” хэмээн аппаратуудыг сар луу амжилттай хөөргөж чадсанд оршиж байна.
1961 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди 1960-аад оны сүүлч гэхэд Саран дээр хүн илгээж судалгаа хийх даалгаврыг НАСА-д өгөв. Энэ нь ЗХУ-ын эсрэг авсан хариу арга хэмжээ бөгөөд энэхүү төлөвлөгөө нь хэтэрхий амбицтай байжээ. Сар луу хүн илгээж, Саран дээр хүн буулгах төсөл нь нийтдээ 24 сая долларын өртөгтэй болж байв. Энэ нь Шинжлэх ухааны гэхээсээ илүү улс төрийн зоримог алхам байсан юм.
Юуны өмнө Сарны гадарга, эргэлтийн хурд, сарны татах хүч зэргийг нарийвчлан судлах шаардлага өөрийн эрхгүй тулгарав. Бас шинжлэх ухаан-техникийн судалгаануудыг өндөр нарийвчлалтайгаар хийв. Сансар дахь цацраг идэвхижилтийн хэмжээ, долгион дамжуулах бололцоо зэргийг ч судлав. Энэ бүх судалгаа нь 1965 онд сансарт нисгэсэн “Пионер” хөлгөөр эхлэв. Харин үйл ажиллагааг нь сайжруулахын тулд 1961 онд “Рейнжер” хөлгийг сансарт нисгэлээ.
1964 онд “Рейнжер-7” хөлөг онгоц даалгавараа биелүүлж чадсангүй. Ер нь Саран дээр хүн буулгаж судалгаа хийх “Апполон” төсөл нь хэрэгжихэд анхнаасаа эхлээд маш их хэмжээний саад тотгортой тулгарч байжээ. 1966 онд “Сервейор” хөлгийг хөөргөж Саран дээр хөлөг онгоц газардаад дараа нь хөөрч чадах эсэхийг судалхаар болжээ. 8-р сард “Орбитер” хөлгийг Сар луу нисгэж Сарны гадагын зураг авах, солирын тогоонуудыг шинжлэх, мөн хөлөг онгоц газардахад таатай газруудыг судалжээ.
Германы алдарт одон орон судлаач Вернер фон Брауны тусламжтайгаар пуужин тээгч нь 100 тонн хүртэлх хэрэгцээтэй ачааг сансарт гаргах боломжтой хөдөлгүүрийг зохион бүтээжээ. 1961 оны 10-р сарын 27-нд “Санчир-1” пуужин тээгчийг хөөргөв. Тус пуужин нь нийтдээ 512 тонн жинтэй бөгөөд энэ удаад сансарт 10 тонн л гарч чаджээ. 1966 онд “Санчир-1В” пуужин тээгч нь 18 тонн ачааг сансарт гаргав.
1967 оны 11-р сарын 9-нд “Санчир-5” хөлгийг хөөргөв. Энэхүү пуужин тээгч нь 111м урт бөгөөд 185 км өндөрт 139 тонн ачааг тээвэрлэх чадалтай ажээ. Харин “Апполон” хэмээх цуврал хөлөг онгоцууд нь 42,5-58 тонн жинтэй. 1966-1967 оны хооронд багийн гишүүд бүхий “Жемини” хөлгийг сансарт гаргаж туршсан бөгөөд 1968 оноос “Апполон” хөлгийг турших ажлууд эхлэв.
“Апполон” загварын хөлгүүдийг туршиж үзээд туршилт бүр тодорхой амжилт, үр дүнг араасаа дагуулж, багийнханд итгэл найдвар өгч байлаа. Саран дээр “Орбитер”, “Рейнжер”, “Сервейер” хөлгүүд амжилттай газардав. Энэ нь “Апполон”-ыг Саран дээр газардуулахад бэлтгэл ажил болж байлаа. 1967 онд “Апполон” хөлөг 3 хүний бүрэлдэхүүнтэй багийнхны хамтаар хөөрч Дэлхийг тойрог замаар тойров. Жилийн дараа гэхэд Саран дээр хүн очих боломжтой болов.
Гэхдээ 1968 оны 1-р сарын 27-нд буюу баасан гарагт “Апполон”-ыг хөөргөх үед гал гарч багийн бүх гишүүд нас барав. Хүчилтөрөгчийн баллонууд болон шатах материал их байсан учраас пуужинд маш амархан гал авалцаж осол болжээ.
1969 оны 1-р сарын 9-нд НАСА-гийн захирал Томас Пэйн Сар руу нисэх багийн гишүүдийг зарлав: Армстронг, Коллинз, Олдрин нар. Гэхдээ шийдэгдээгүй асуултууд байсаар байв. Тэдгээрээс дурьдвал: Саран дээр буусан багийнхан Дэлхийтэй радио холбоогоор холбогдож чадах уу? Гэдэг нь чухал байв. Энэ талаар хожим Армстронг дурссан байдаг: “Сар луу ниснэ гэдэг нь үлгэрийн мэт сонсогдож байсан. Гэхдээ аймшигтай санагдаж байсныг бас дурьдах хэрэгтэй юм” хэмээн өгүүлсэн байдаг.
3-р сарын эхээр “Апполон-9” онгоц Швайкарт, Скотт, Мак-Дивитт гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй Сарыг тойрон нисч судалгаа хийжээ. 5-р сард Сар луу “Апполон-10” хөөрөв. Багийн бүрэлдэхүүнд Кеннан, Янг, Стаффорд нар байсан бөгөөд Сарны гадарга руу 16км ойртов. “Апполон-9”, “Апполон-10” хөлгүүд амжилттай ниссэнээр Сар луу хийх нислэг боломжтой юм байна гэдгийг ойлгов.
1969 оны 7-р сарын 16-нд “Апполон-11” хөлөг онгоц Дэлхийгээс хөөрч Сарыг чиглэв. “Апполон-11” хөлөг онгоц нийтээ 1600 тонн шатахуун ачжээ. Энэ хөлөг онгоц нь Саран дээр газардсаны дараа буцаж ирэх ёстой билээ. “Апполон-11” сансрын хөлгийн багийн гишүүд бүгд туршлагатай сансрын нисгэгчид байлаа. Ямар нэгэн хүндрэл гарсангүй. “Апполон-11” хөлөг хөөрсөнөөс 76 цагийн дараа Сарны тойрог замд оров.
Сарны тойрог замд “Апполон-11” хөлөг нийтдээ 2 цаг 8 минут 37 секунд нисжээ. Эдгээр хугацаанаас 49 минутанд нь “Апполон-11” хөлөг онгоц Дэлхийгээс холбоо тасарч бараа нь харагдахаа болив. Сарны цаагуур орсон нь тэр байжээ. “Апполон-11” хөлөг Сарыг 1,6км/с хурдтайгаар тойрч байлаа. Сарны гадаргуугаас 96 км өндөрт хөлөг онгоц ниссээр байв. Саран дээр газардахаас өмнө буюу “Апполон-11” хөлөг Сарны гадаргаас 13км өндөрт нисч байхдаа Дэлхийтэй холбоо тасрав. Энэ бол хамгийн их түгшүүрт мөч байлаа.
“Апполон-11” хөлөг онгоц амжилттай газардсан байжээ. “Апполон-11” хөлөг 1969 оны 7-р сарын 20-нд Гринвичийн цагаар 20 цаг 17 минут 41 секундэд Саран дээр газардав. Сансрын нисгэгчид Саран дээр 8,5 цаг ажиллах хуваарьтай байсан бөгөөд хүчилтөрөгчийн хамгамж нь ч тийм байлаа. Саран дээр хамгийн анх хөл тавьсан хүн нь Нейл Армстронг бөгөөд “Энэ бол хүний хувьд нэг алхам боловч хүн төрөлхтний хувьд маш том алхам юм” хэмээн алдарт үгээ хэлсэн байдаг. Судалгааны багийнхан Саран дээрээс чулуу, шорооны дээж авч, зураг, бичлэг хийжээ.
“Апполон-11” хөлгийн цагаар 109 цаг, 42 минутанд Армстронгийн араас Эдвин Олдрин буув. Олдрин бичлэгийн камераа гаргаж ирээд “Энд буюу Саран дээр хүн төрөлхтөн энхийн зорилгоор буув. МЭ-ний 1969 оны 7-р сар” гэжээ. Сансарын нисгэгчид Сарны гадаргуу дээр АНУ-ын тугийг хатгасан бөгөөд Нарны нөлөөллийг судлах аппарат, одон орны дуран авай зэргийг байрлуулжээ.
АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсаны дараа нислэгийн багийнхан буцах бэлтгэлээ хийж эхлэв. “Апполон-11” хөлөг Саран дээрээс амжилттай хөөрөв. 1969 оны 7-р сарын 24-нд Дэлхий дээр амжилттайгаар буцаж ирэв. Үүний дараа “Апполон-12” хөлгийг хөөргөх ажил яригдаж эхэллээ.
1969 оны 11-р сарын 14-нд хөөрсөн бөгөөд золтой л сүйрэл болоогүй гэдэг. Цаг агаар муу байсан, дээрээс нь цахилгаан дамжуулах хэсэгт асуудал гарчээ. 1970 оны 4-р сарын 11-нд “Апполон-13” хөлөг хөөрч бараг Саран дээр очихын даваан дээр хөдөлгүүрт нь эвдрэл гарсанаас болоод Дэлхий рүү буцжээ.
“Апполон-13” хөлгийн багийн гишүүд Дэлхий дээр арай ядан амьтай голтой бууж ирсэн байна. “Апполон” хөлгүүдийг Сар луу илгээсний дараа дахиад 4 ч удаа Сарыг судлах багийнхныг илгээжээ. Тэр хөтөлбөрүүдэд асуудал гараагүй, амжилттайгаар хөөрсөн юм. Сар луу хөөрсөн эдгээр 4 нислэгийн нэгэнд нь “Ровер” хэмээх машиныг туршиж үзсэн гэдэг.
Саран дээр газардсан нисгэгч нарын ачаар хүн төрөлхтөн Сарны талаарх мэдлэг, төсөөллөө хэд дахин нэмэгдүүлж чадсан юм. Саран дээр амьдрал байхгүй гэдэг нь батлагдсан. Сар нь Дэлхийгээс тусдаа үүссэн боловч үүссэн цаг хугацааны хувьд Дэлхийтэй давхцаж байгааг бас нотолжээ. Саран дээр амжилттай газардсан сансрын нисгэгчид нийтдээ 30000 км газрыг туулж, 500 гаруй кг Сарны чулуу, Сарны хөрсийг авчирчээ.
Орос хэлнээс орчуулсан: Б. Батмөнх
Jak Clawson.