Говийн бүсийн тэмээчдийн баяр Жинст суманд эхэллээ
“Тэмээ тэнгэрийн амьтан – 2019” говийн бүсийн тэмээчдийн баяр 16 дахь жилдээ Баянхонгор аймгийн Жинст суманд энэ сарын 11-13ний өдрүүдэд зохиогдож байна. Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой энэхүү арга хэмжээг Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд зохиож байгаа аж.
Ерөнхий ивээн тэтгэгчээр Баянхонгор аймгийн ЗДТГ, “Баялаг өлзий” ХХК хамтран ажиллаж байна. Энэхүү зөвлөгөөн, наамдамд Баянхонгор аймгийн ИТХ, ЗД Тамгын газар, аймгийн ХХАА-н газар, аймгийн БОАЖ-ын газар, Тэмээчдийн холбоо, сумдын ЗДТГ, тэмээчид, малчид, УИХ-ын гишүүд, МБАНХ, ХХААХҮЯ-ы болон эрдэмтдийн төлөөлөл, тус аймгийн хил залгаа Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, тэмээчид оролцож байна.
Тэмээчдийн зөвлөгөөн, наадмын төрөл тус бүрд багаараа оролцох бөгөөд 12,13-ны өдрүүдэд Тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдана. Мөн Малчид уяачдаас эрлийз тэмээ уралдуулах санал гарвал уралдааныг бооцоотой явуулах юм.
Зөвлөгөөн наадам өнөөдөр бага насны (шилбэ, тайлаг ) тэмээний уралдаанаар эхэлсэн бөгөөд тэмээн парад, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох, бурантаг томох зэрэг тэмцээн уралдаан болно. Мөн Тэмээчдийн зөвлөгөөн, Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн сургалт, тэмээ, тэмээчин говь нутгийн тухай дуу, хөгжим, бүжиг, ерөөл магтаал, ардын аман зохиол зэрэг уран бүтээлийн тэмцээнээр үргэлжилнэ.
Харин маргааш хурдан ат, хурдан торомны уралдаан болж, шилдэг оролцогчдыг шагнаж урамшуулах арга хэмжээ зохиогдох юм. Төгсөлд нь Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт болно. Тоглолтонд МУГЖ С.Цогтсайхан, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУСТА Б.Батмэнд, МУСТА Д.Амаржаргал, МУСТА Ц.Дашцэрэн, МУСТА В.Батзориг (Хөсөгтөн хамтлагийн хуурч), МУСТА Ц.Шинэбаяр (Universe Best Songs- уралдааны шилдэг оролцогч гранпри шагналт) нар тус тус оролцож, ая дуугаа өргөх ажээ.