Авто зам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, их хэмжээний цас орсон үед зам даваа хаагдаж, хальтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор авто замын ашиглагч, хариуцагч, автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчдод болон хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна. Үүнд:
1. Олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагууд, түүний харьяа байгаа шуурхай ажлын хэсгүүд, өвлийн засвар арчлалтын ажилд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, хальтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах арга хэмжээг авч ажиллах;
2. Аймаг, сумын Засаг дарга нар Монгол Улсын “Автотээврийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6-д заасны дагуу нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг зохицуулах, гол, нуурын мөс хөлдөх, хайлах, цөн түрэлт явагдаж, шар усны үер гарч дуусталх хугацаанд шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох талаар зохих шийдвэрийг гарган мөрдүүлж ажиллах;
3. Аймаг, нийслэлийн удирдлага тухайн орон нутгийн чанартай авто замын аюулгүй байдлыг хангуулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар авран хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авхуулах, хаагдсан зам, даваа, гүүр засварлагдсан тохиолдолд тэдгээрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэх;
4. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээг зохион байгуулахдаа орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийн эхлэх, дуусах хугацаа, тээвэрлэлтийн чиглэл, мөсний даацыг орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоож ажиллах
5. Цасан шуурганд хаагдах, эвдрэх, нурах болзошгүй зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх, хязгаарлах арга хэмжээг авахын зэрэгцээ эвдэрч нурсан зам, гүүр, нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх;
6. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын Тээвэр, авто замын асуудал хариуцсан байгууллагууд улс, хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгч, тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтын үйл ажиллагаагаа чиглүүлж хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах;
7. Тээврийн байгууллагуудаас тээвэрчдэд автозам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр түүний тооцоот хурд, даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж байх;
8. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд жолооч нартаа үйлчилгээнд гарахын өмнө тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангуулахын тулд цас, мөсний хайлалт, шар усны үер гарсан болон тэдгээрийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын талаарх судалгаа, мэдээллийг өгч, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээг авах;
9. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэхдээ гэрээ байгуулсан байгууллагатай тохиролцсон цагийн хуваарь, чиглэлийг баримтлах, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, техникийн шаардлагыг хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх, жолоочийн ажил, амралтын зохицуулалтын байдалд анхаарч ажиллах;
10. Тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд гарахын өмнө жолоочийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцлийг хангасан байдлыг шалгаж, замын хуудсыг баталгаажуулж байх;
11. Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч болон захиалагч байгууллагууд тухайн хариуцсан зам, гүүрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг жолооч нарт тогтмол өгч, “Авто замын тухай” хуулийн 23.3.2-т заасны дагуу авто замаар зорчиж буй иргэд, зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг авч, шуурхай арга хэмжээгзохион байгуулах;
12. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй, эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг авахуулж байх зэрэг болно.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР