Улс төрийн намуудын дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэжээ
Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар Гэр Хороолол Хөгжлийн нам (ГХХН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг хянан хэлцээд, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн хэмээн Дээд шүүх үзсэн байна. Мөн уг намыг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг даалгажээ. Ингэснээр ГХХН нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болж байгаа юм.
Мөн Улсын дээд шүүх Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ. Тус нам өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд Бага хурлаа хийж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм.
Түүнчлэн өнгөрсөн сарын 05-нд АН-ын 9 дүгээр Их хурлаас намын дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгэлээ.