НийгэмЭнэ сард

Нийслэлд хүн ам, орон сууцны туршилтын тооллого хийнэ

Манай улс ирэх жил хүн амаа тоолно. Энэхүү Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд Хүн ам, орон сууцны туршилтын тооллогыг энэ сарын 10-16-ны хооронд нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулах гэж байна. Туршилтын тооллогын комисс байгуулагдан сонгогдсон өрх, айлуудыг бүрэн хамруулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа юм ажээ.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн дагуу УИХ-ын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг 2020 оны нэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоож, мөн өдрийн УИХ-ын 77 дугаар тогтоолоор тооллогын Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулсан юм. Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулах нь Монгол Улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын 2015 оны “Дэлхийн хүн амын тооллогын хөтөлбөр”-ийн хүрээнд гишүүн улс орнуудын Засгийн газар нь 2014 оноос 2024 оны хооронд хүн амаа хамгийн багадаа нэг удаа нэгдсэн аргачлалаар тоолох үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс Улсын комиссын гишүүдээр бүх яамдын сайд нар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, орлогч даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга нар томилогдон ажиллаж байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс 16-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулах ажээ.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны туршилтын тооллогыг зохион байгуулах тухай Улсын комиссын тогтоол мөн батлагдсан. Энэ хүрээнд туршилтын тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Байшин, орон сууцны туршилтын тооллогын мэдээлэл цуглуулалтыг өнгөрсөн оны аравдугаар сарын 10-16-нд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, аравдугаар сарын 24-30 хүртэл Дорнод аймгийн Хэрлэн, Сэргэлэн сумдад зохион байгуулжээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version