7 хоногУрлаг спорт

Азийн ганцхан сонгодог урлагийн театраар алдаршсан ягаахан УДБЭТ-аа тахив   

Сонгодог урлаг бол дээдсийг цэнгүүлэн баясгах урлаг хэмээн өнгөрсөн зуунд үздэг байлаа. Харин энэ зуунд дэлхий дахины даяаршил, олон улсын харилцаа өргөжин тэлж байгаа учир бүх төрлийн урлаг төдийгүй дээдсийн урлаг хэмээн нэрлэгддэг байсан сонгодог урлаг ч даяаршиж байгаагаа илэрхийлсээр байна.

Тэртээ 70 жилийн өмнө Монгол улсын соёл урлаг буурай байжээ. Хэдийгээр ардын урлаг ард түмэн, зочин гийчнийг баясган цэнгүүлдэг байсан ч хойд хөрш Орос улсын төрийн бодлогын нөлөө, тусламж, дэмжлэгээр манай улсад соёл урлаг, сонгодог урлаг цэцэглэн хөгжих сууриа тавьсан түүхтэй.

Монгол улсад хамгийн анхны Хөгжмийн театр 68 жилийн тэртээ байгуулагджээ. Ийнхүү монголд төдийгүй Азид цорын ганц “Хөгжмийн сонгодог урлаг” бий болсон түүхтэй гэж Монголын сонгодог урлагийн түүхэнд цохон тэмдэглэсэн байна. Анхны хөгжмийн ягаахан театр хэмээн нэрлэгдэхдээ 1950 оны 12-р сарын 30-ны өдөр ашиглалтанд орж, нэрт зохиолч Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийж байжээ.

Харин шинэ он гарахын өмнө УДБЭТ-ын хамт олон Монгол улсад Хөгжмийн театр үүсч, байгуулагдсаны 68 жилийн ой, УДБЭТ байгуулагдсаны 55 жилийн ойгоо 2018 оны 12 сарын 30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэхүү ойд зориулж Монголын анхны сонгодог дуурийг бичсэн Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриа гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглож, нээлтээ хийсэн юм. Тус дуурийн гол дүр Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг сонгодог урлагийн театрын тайзнаа гурван үеийн уран бүтээлчид дахин амилуулж, үзэгчдээ цэнгүүлэв.

Монголд анх Хөгжмийн театрыг бүтээн босгоход сэтгэл, зүтгэл гаргасан хүн бол тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтэн Б.Смирнов 1968 онд Монголд анх удаа ирж, театрын архитектурыг хийжээ.

“Хөгжмийн театр байгуулагдаж, дөнгөж эхлээд байхдаа“Улаабаатарын театр” хэмээн нэрлэгдэсэн түүхтэй. Манай театр нь Монголын урлагийн гавъяат зүтгэлтнүүдийн, мөн монголчуудын урлаг соёлын түүх, өв болж чадсан. Ийнхүү Монгол улс сонгодог урлагийн театртай болсноор өндөр түвшинд урлагаа хөгжүүлж ирснийг эргэн харахад үе үеийн ахмад уран бүтээлчид алсын хараатай, их сайхан бүтээлч үйлстэй өдийг хүрснийг нотлож байгаа юм” гэж УДБЭТ-ын  ерөнхий захирал Ц.Түвшинтөгс тодотгон хэлж байсан.

Дэлхийн бүх урлагаас тахидаг шүтээн бол хөгжмийн урлаг юм байна. Өнөө цагт бүх урлагаас хөгжмийн урлаг 80 хувийг эзэлж байгаа аж. Дэлхийн хөгжмийн бүх төрлийн урлагаас олон төрлийн урлагийг УДБЭТ-ын уран бүтээлчид тоглодог байна.

Л.Эрдэнэбулган: Сонгодог урлагийг өдий зэрэгт хөгжүүлж, дэлхийн дэвжээнд дэвж явна гэдэг монголчуудын соёл урлагт олсон асар том ололт

Монголд сонгодог театр үүсч байгуулагдсаны ойгоо тэмдэглэн баярлаж яваа зарим ахмад уран бүтээлчдээс Монголын урлагийн түүхэнд сонгодог урлаг үүсч хөгжсөний ойн баярт үйл явдлаа уран бүтээлчид тэмдэглэж байна. Та тус театрт олон жил ажилласан хүний хувьд сэтгэгдлээ хуваалцна уу? гэж асуулаа.

УДБЭТ-ын ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган “Их сайхан баясгалантай өдөр болж байна. Энэхүү театрыг анх байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан урлагийн ахмадууд маань өнөөдөр байхгүй ч гэсэн Монголын урлагийн түүхэнд сайхан гавъяатай үйлс бүтээсэн хүмүүс юм. Тэднийг залгамжилсан үе үеийн уран бүтээлчид өнөөдрийг хүртэл УДБЭТ-ыг олон улсын хэмжээнд хөгжүүлж байгаа нь үнэтэй сайхан үйл явдал юм.

Бид нүүдэлчин омгийн ард түмэн. Гэтэл дэлхийн сонгодог урлагийг өдий зэрэгт хөгжүүлж, дэлхийн дэвжээнд дэвж явна гэдэг монголчуудын соёл урлагт олсон асар том ололт гэж би бодож явдаг.Үүний тод жишээ бол дуурийн залуу үеийн дуучин Амартүвшин дэлхийн хамгийн том театруудын тайзнаа тоглоод, гэртээ ч орох завгүй явж байна. Энэ бол хөгжил, дэвшлийн үр дүн гэж би үнэлдэг. Ийм олон хөдөлмөрч уран бүтээлчидтэй манай театрын бүх бүтээлийг төр, засаг түүхэн үнэлгээ өгч, сонгодог урлагийг Монгол улсад хөгжүүлж байгааг хүндэтгээд “Алтан гадас” одон гардуулсан. Энэ бол үе үеийн уран бүтээлчдийн хувьд сэтгэл өөдрөг, цаашдаа сайн бүтээл, сайхан үйлс, шинэ шинэ уран бүтээлийг бүтээхэд түлхэц болно гэж хэлье.” гэж ярьсан юм.

С.Отгонням: Балетчны бие, оюун нь цогцоороо гоё болж, тухайн дүрийн гайхамшгийг үзэгчдэд харуулдаг

Балетын ахмад жүжигчин, МУГЖ С.Отгоннямтай цөөн хором ярилцлаа.

Сонгодог театр үүсч байгуулагдсаны ойн баярын мэнд хүргэе. Та энэ театрт хэдий үеэс эхлэн бүжиглэсэн юм бэ?

-Үе үеийн уран бүтээлчид, ахмад үеийнхэнтэйгээ театр үүсч байгуулагдсаны ойн баяраар уулзаж байгаадаа баяртай байна. Манай ангиас Ардын жүжигчин, балетчин Ю.Оюун, Гавъяат жүжигчин Э.Оюунбат нар төрөн гарсан. Бид тэр үеийн ЗХУ-д суралцаад, хоёр дахь жилдээ Монголдоо ирж, Хөгжим бүжгийн сургуулийн сонгодог ангийн хүүхдүүтэй хамтарч, театрынхаа алтан тайзан дээр 1966 онд анх удаа тайлан тоглолтоо хийж байлаа. Би 1972 онд сургуулиа төгсч ирээд, 2014 он хүртэл тус театрын тайзнаа балетийн жүжигт тоглож байсан.

-Та сонгодог урлагийн тайзнаа анх тоглосон онцлох дүрүүдээс дурдна уу?

-Миний онцлох дүр бол “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүр. Энэ дүрээр монголын ард түмэн намайг мэднэ. Мөн 1990 онд Бөртэ чоно жүжгийн Жамухын дүрийг анх бүтээсэн. Нэрлээд байвал олон дүр бий.

-Балетын жүжигчний хувьд сонгодог урлагаа та юу гэж үздэг вэ?

-Сонгодог урлаг нь дэлхийн хүн төрөлхтөн, үзэгч түмнээ биеэрээ, сэтгэлээрээ баясгадаг юм. Мөн ямар ч зохиолын онцлог, онцлог дүрүүдийг балтеын жүжигчин бүтээж, үзэгч түмэндээ бие бялдраараа гайхуулдаг. Сонгодог урлагийг “Тэнгэрийн урлаг” гэж  хүмүүс хэлдэг. Балетын урлагт 10 настай хүүхдүүдийг найман жил сургаж, бие бялдрыг нь хөгжүүлэхэд балетчны бие, оюун нь цогцоороо гоё болж, тухайн дүрийн гайхамшгийг үзэгчдэд харуулдаг. Балет бол амилсан баримал ч гэж нэрлэдэг.

Монголын сонгодог урлагийн хөгжлийн талаар сэтгэгдлээ хуваалцна уу?

-Монголд Хөгжмийн театр, УДБЭТ үүсч байгуулагдсаны ойг тэмдэглэж байгаад би их баяртай байна. Сүүлийн жилд дэлхийд балетыг их сонирхдог болсон. Монголд зарим жүжигчид балетын курс, анхан шатны сургалтын төв байгуулж, өрсөлдөж байна.

Харин миний хүү өв дамжсан балетчин болсон. Одоо арлын Япон улсын Токио хотын “Комаки балет компанид тэргүүлэх зэргийн балетчнаар ажиллаж байна. Д.Алтанхуяг балтечинтай нэг ангийнх. Эдний ангийн дөрвөн балетчин хүүхэд арлын Япон улсад очиж, бүжиглэсэн. Япончууд монголын балетыг их сонирхдог. Японы  зарим жүжигчид манай сонгодог театрын тайзнаа тоглохын төлөө тэмүүлж, өөрсдийнхөө зардлаар Монголд ирж, сонгодог урлагт суралцаж, тоглоод явж байна.

Мөн дуурийн урлагийн сүүлийн үеийн дуучид дэлхийд гайхуулж байна. Манай театр үүсээд 55 жил болохдоо дуулж, бүжиглэж, жүжиглэж, хөгжимдөж байсан энэ олон уран бүтээлчид асар их замыг туулж, энэхүү урлагийг түмэн олонд түгээж, хүргэхийн тулд их хөдөлмөрсөн. Монголын балетын тайзнаа сүүлийн 20 жил бүжиглэж байгаа залуучууд бол  Хөгжим бүжгийн коллежийг төгссөгчид байдаг юм. Харин энэхүү 20 жилийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зардлаар Пермь хотын Балетын сургуульд монголын 12 хүүхэд суралцаад, энэ жил төгсч ирсэн. Монголын нэг номерын театрын уран бүтээлчид, албан хаагчид, ажилчид та бүхэнд ойн баярын мэнд хүргэж, ажил, амьдрал, уран бүтээлийн их амжилт хүсье.

Б.БАЯРМАА

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version