“Бадрангуй урлаг”-ийнхан шинэ номынхоо дээжийг МЗЭ-д гардууллаа
Хар цаас, хайч хоёроор хөрөг зураг урладаг яруу найрагч Ц.Галбадрах Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойд зориулсан 90 зохиолчийн хөрөг, уран бүтээлийн дээжийг багтаасан ном бүтээх санаачилга гаргаж, “Бадрангуй урлаг” ТББ-ынхан хамтран ажиллаж, “Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” бүтээлийг шинэ оны босгон дээр өлгийдөн авчээ. Тэд шинэ номынхоо дээжийг өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагад гардууллаа.
Цаасан хөрөг хайчилбар, сонгомол бүтээл туурвил, дурсамж дурдатгалаас бүтсэн “Чингисийн Монголын тэнгэрлэг зохиолчид” номд орох уран бүтээлчийг сонгохдоо яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн зохиол, хүүхдийн зохиол, шог хошин зохиол, орчуулга, утга зохиол судлал гэдэг долоон өөр төрөл чиглэлээс бүгдээс нь төлөөлөл багтаахыг зорьсон бөгөөд агуу Д.Нацагдорж, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ж.Бадраа нараас эхлүүлэн энэ цагийн шилдэг залуу зохиолчид хүртэлх 90 уран бүтээлчийг сонгон оруулжээ.
Зохиол бүтээлийн хувьд “Миний нутаг”, “Монгол нутаг”, “Монгол хэл”, “Халуун элгэн нутаг” гээд монгол түмний сэтгэлд хоногшсон, басхүү залгамж хойч залуу үеийнхний тархи оюунд заавал хүрч байх ёстой гэж үзсэн бүтээлүүдийг сонгосон нь уншигчид, ялангуяа идэр залуу насныханд ном-оюуны соёлыг дээдэлдэг үзэл хандлагыг бий болгоход тус болох санаа хэмээн “Бадрангуй урлаг”-ийнхан уран бүтээлч хийгээд тэдний уран бүтээлийн сонголтыг хэрхэн хийснээ ярьж байсан.
“Бадрангуй урлаг” ТББ бол зохиолч, орчуулагч, судлаач, сэтгүүлч, түүхч гээд өөр өөр мэргэжлийн хүмүүс сонирхол, хүслээрээ соёл урлаг, утга зохиол гэдэг нэгэн зөрлөг дээр нэгдэн цугласан хамт олон аж. Орчуулагч Норовын Пүрэвдагва, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах, хэл шинжлэлийн ухааны доктор Дорлигийн Ганболд, сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаяр, Намжилцэрэнгийн Сарангэрэл, Цээсодролцоогийн Энхмаа, түүхч Санждоржийн Туяа, гэрэл зурагчин Лхагвасүрэнгийн Номингэрэл нар багтдаг энэхүү байгууллага 2013 оноос “Урлагийн номын сан” нэрийн дор цуврал бүтээл эрхлэн гаргаж буй юм билээ.
МЗЭ-ийн 90 жилийн ойд зориулсан шинэ бүтээлийнхээ талаар “Бадрангуй урлаг”-ийнхан ийн ярьж байна.
Уран зохиолчдын бүлгэмээс МЗЭ-ийн түүх эхэлдэг
Орчуулагч Н.ПҮРЭВДАГВА:
-Хорьдугаар зууны эхэн үеийн Монголын нийгэм, цаг үе ямархан байсан талаар түүх өгүүлэх юм бол олныг хэлж болох биз. Ээдрээт хийгээд эргэлтийн тэр цаг үед сонин, сэтгүүл, соёл гэгээрлийн ажилтан, бас шүлэг зохиол бичих дуртай хүмүүс цугларч, өнөө үеийнхний хэлдгээр нэгэн төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан нь өдгөөгийн Монголын зохиолчдын эвлэл. 1929 оны нэгдүгээр сарын 9-нд цугласан анхны 17 хүн монголчуудын оюун санааны тусгаар тогтнолыг тунхагласан тийм агуу их үйл бүтээх замд мордож байгаагаа тэр үед төдийлөн сайн мэдээгүй байж тун магадгүй.
Хийж бүтээх, шинэ үеийн сэргэг бүхнийг хүн арддаа хүргэх зориг эрмэлзлэлээр жигүүрлэсэн Д.Чимид, Гэндэн, Ө.Бадрах, бага Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Догсүрэн, С.Буяннэмэх, бас Дамдинсүрэн, М.Дугаржав, Г.Навааннамжил, Л.Цэндсүрэн, Ринчен Бямбаев, Очир, Дашдэмбэрэл, П.Хорлоо, Шагдарсүрэн, Я.Цэвэл нарын залуус Монголын зохиолчдын байгууллагын ханыг шийрлэсэн анхдагчид. Хэтийн зорилгоо тэд “Монгол оронд феодалын хоцрогдсон байдлыг халж хувьсгалт ёсоор өөрчлөх, эдийн засаг, соёл боловсролыг хөгжүүлэхэд уран зохиолчид их чухал үүрэгтэй” гэж тодорхойлж байжээ.
Анхны арван долоо цугласан нь, гаргасан шийдвэр нь монголчуудын оюун санааны амьдралд гарсан түүхэн бөгөөд тод шийдвэр яах аргагүй мөн. Энэхүү үйл явдлын тухай буюу уран зохиолчдын бүлгэм байгуулагдсан тухай мэдээ 1929 оны хоёрдугаар сарын 8-ны “Үнэн” сонинд хэвлэгдэж, олноо зарлан тунхаглаж байжээ. Нэгэн дээвэр дор нэгдэж, нэгдсэн байгууллагатай болсон зохиолчид өөр өөрсдийн бүтээл туурвилаараа өөрсдийгөө хэн бэ гэдгээ олноо таниулж, зарлан тунхаглаж, олон түмнийг соён гэгээрүүлэх, шинэ соёл, шинэ амьдралд уриалан дуудсан нь дараагийн алхам байжээ.
Энэ номд хэнийг оруулах вэ гэдэг сонголтыг хийх тун амаргүй ажил байлаа
“Бадрангуй урлаг” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Д.ОТГОНБАЯР:
-Монголын утга зохиолыг судлая гэвэл эхлээд их Нацагдоржийгоо судла гэдэг энгийн нэг үг биш. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч гэдэг тодотголыг Д.Нацагдоржийн нэрийн өмнө зүгээр гоёж чимэх гэж хэлчихсэн үг биш. Уран бүтээл нь түүнд ийм алдрыг авчирсан.
Д.Нацагдоржийн бичсэн “Миний нутаг” шиг Монгол орныхоо байгаль газар нутгийг үгээр зурсан, Их Монгол Улсын газар нутгийн зах заагийг тоймлосон гэхээр найраг, “Учиртай гурван толгой” шиг дал гаруй жил улсын төв тайзнаа амилж байгаа бүтээл, хорвоо ертөнцийн эзний бууриар “Од” шиг холхи ертөнцтэй арцалдсан шүлэг, “Шувуун саарал” шиг уран үг, уран дүрслэлийн гайхамшиг болсон өгүүллэгийг давж гарсан бүтээл хэр олон билээ. Товчхондоо бол, Д.Нацагдоржийн бүтээлүүд цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг давж гарч, өнөө цагийн соёлжсон, боловсорсон уншигчдын эрэлт хүсэлтийг хангасаар байгаа нь Монголын сонгодог бол Д.Нацагдорж мөн гэдгийг батласаар, бас түүний бүтээлүүд дараа дараагийн уран бүтээлчдийн авьяас билгийг сорьсоор буй юм.
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн мянга шахам зохиолч байдаг бол шүлэг зохиол бичдэг хүний тоо 4000 гаруй болсон гэдэг албан бус тоо бий. Уран бүтээлийн хувьд энэ олон зохиолч дундаас Д.Нацагдорж шиг цаг хугацааны хил хязгаарыг даваад гараад ирсэн уран бүтээлтэй зохиолч байхад басхүү зөвхөн тухайн үедээ үлдчихсэн нь ч байх. Тиймээс энэ номд хэнийг оруулах вэ гэдэг сонголтыг хийх тун амаргүй ажил байлаа. Мөн зохиол бүтээлээс нь чухам алийг оруулах вэ гэдгийг сонгоод зохиолыг нь эх хувиар нь олохын тулд нэлээд эрэл хайгуул хийсэн. Нийтдээ 400 шахам ном цуглуулсан гэхээр ямархуу ажил болсныг ойлгох байх.
Номын дээжийг хүндэтгэн хүлээж авсан Удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав болон УЗ-ийн гишүүн Дарь.Сүхбаатар, гүйцэтгэх захирал М.Саруулдалай нарт талархал илэрхийлье.