УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 10-нд болж, МАН-д шаардлага хүргүүлэхээр боллоо. Тус намын бүлэг дээрх шаардлагадаа “Монгол Ардын Нам 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонх болж, сонгогдсон мөчөөсөө эхлэн амлалтаасаа ухарч, улсын хөгжлийг чөдөрлөсөн, тооцоо судалгаа, бодлогогүй шийдвэрүүдийг гаргасаар ирсэн.
Улмаар өөр хоорондоо эвдрэлцэж, эв нэгдэлгүй, хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдсээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг гүн хямралд орууллаа. Монгол төрийг явцуу эрх ашиг, авлига, шуналын хүслээ хаацайлах тэмцлийн талбар болгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж, үүнээс үүдэн, валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, тулгамдаж байгаа асуудлууд шийдлээ хүлээсээр гацаанд орсон нь иргэдийн амьдралд туйлын хүндээр туссаар байна.
Засгийн газар эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрсэн нь эрх баригчдын сайных биш. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай шууд холбоотой болохыг дэлхийн эдийн засгийн байгууллагуудын гаргасан судалгаанууд нотолж байна. Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого бүрэн орхигдож, 2017, 2018, 2019 онуудын төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу долоон их наяд төгрөгт хүрлээ. Монгол улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 2.1 тэрбум ам.доллароор огцом өссөн байна. Чингис, Самурай бондын мөнгөн дүнгээс хоёр дахин их хэмжээний өр нэмсэн гэсэн үг.
Та бүхнийг Засгийн эрх барьж эхэлснээс хойш ганц ч дорвитой бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Ардчилсан нам гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн хямралын хүнд хэцүү жилүүдэд ард түмнийхээ нуруунд ачааллыг үүрүүлэхгүйгээр харин ч тэдний амьдралд тус дэм болсон олон бүтээн байгуулалтын ажлууд хийж болдгийг харуулж чадсан.Гэтэл өнөөдрийн эрх баригчид чөлөөт зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг алдагдуулан бүхнийг төрд авах санаархал цухалзуулан, нийгмийн баялаг бүтээгчдийг айдаст хүргэх оролдлогуудыг хийсээр байна.
Иймээс та бүхэн хувийн өчүүхэн эрх ашгаа хойш тавьж, эрх мэдлийн төлөөх явцуу тэмцлээ нэн даруй цэглэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.