НийтлэлFocus

Хятадад хэн хамгийн алдартай вэ

Хятад улс 1.3 тэрбум хүн амтай гэдгийг захын монгол уншигч мэднэ. Тэрхүү тэрбум гурван зуун сая хүн ам дотор жаргах нь жаргаж, зовох нь зовж, задрах нь задарч, бүтээх нь бүтээж хүн бүр өөр өөрийн зам мөрөө хөөж амьдардаг биз. Гэтэл зарим нэг нь жаргаж байгаагаа ч мэдэхгүй зовж байна хэмээн эндүүрч, зовж байгаа нэг нь жаргаж байна хэмээн байгаадаа ханаж цадаж амьдардаг ч байж мэдэх. Тэр л түм түчигнэж, бум бужигнасан олон дотор бүх хүний хайр өхөөрдөлийг татахын дээр ихээ өндөр алдар сууны эзэн нэг байх юм. Тэр бол бидний сайн мэдэх Панда буюу Хулсны баавгай. Хулсны баавгай гэдэг нэрийг Өвөрмонголчууд Малар Үдэ хэмээн хөрвүүлжээ.

Хулсны баавгай нь Хятадын төрийн нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын амьтан. Биеийн урт нь дунджаар 1.2–1.5 м, сүүл нь 10-15 см, 75 см өндөр, жин нь 80-160 кг, Хамгийн хүнддээ 180 кг татдаг бол сая төрсөн төл нь 50-145 орчим грамм. Дөнгөж төрсөн төлийг нь харахад хүчтний төрөл баавгайн угшил гэхэд тун бэрх, энд тэндэх алга толбыг нь эс тооцвол хулганы гөлчгий шиг нүдээ тас аньсан, арьс хөрс гэхээргүй улаан нялзрай амьтан харагддаг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн логонд дүрээ мөнхөлсөн энэ амьтан жилд нэг удаа төллөдөг. Ихэрлэх нь ховор.

Нэг жил орчмын хугацаанд хөхөө хөхдөг, зарим тохиолдолд 18-24 сар хүртэл эхийгээ хөхдөг. Ер нь дараагийн төл гаргатал хөхөө хөхдөг ч гэж үздэг байна. Насжилт нь 18-20 жил байсан бол хашаалж үржүүлснээр 30 хүрч насалдаг болсон гэх. Панда голдуу хулсаар хооллодог бөгөөд нас бие гүйцсэн нь өдөрт 9 кг-ыг иддэг. Хоол тэжээл нь хомсдсон үед хулсны баавгай шувууны өндөг, зарим төрлийн шавьж идэх чадвартай. Хулсны баавгай “эр эмийн ажил”-д хойргын дээр үржилд орох хугацаа богино, амьдрах орчин хумигдсан, гол идэш болох хулсны олдоц ховордсон, ихэрлэсэн тохиолдолд сүүлийн төлөө голдог зэрэг нь устах шалтгаан болжээ.

Хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, өсгөн үржүүлж буй тэжээвэр хулсны баавгайн тоо толгой 518-д хүрсэн бол эх байгаль дээрх нь 2000 орчим гэнэ. Панда нь гол төлөв Сычуань, өмнөд Гансу, Шаанси муж орчмын ууланд амьдардаг. Орчин цагт Хятад улс хулсны баавгай хамгаалах үндэсний хэмжээний паркийг байгуулсан нь тэднийг мөхөх аюулаас аварсан. Миний бие Түвд руу аялахын зуур Сычуан мужийн Чөндү хотоор хоноглоод өнгөрсөн. Тэнд хулсны баавгайг хамгаалан судлах гол төв байдаг гэх ч үзэж танилцах боломж олдоогүй. Харин хэн ч харсан хулсны баавгайгаар нүүр царайгаа болгосон газар болох нь илт байж билээ. Ер нь бол нэн ховордсон ан амьтны төрөлд хамаардаг хулсны баавгай нь хүрчигнэх лууны оронд хэдийнэ Хятад орны шинэ цагийн билэг тэмдэгт тооцогдох болоод удаж байна.

Хэвлэл мэдээллийнхний гол байнуудын нэг. Түүнийг мэндэлсэн цагаас нь эхэлж тус улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд сенсааци мэдээний дайтай мэдээлдэг. Яг л Холливудын одод сая төрсөн хүүхдийнхээ зургийг авахуулж олон нийтэд дэлгэдэг шиг. Биеийн жин болон урт, хүйс, “эцэг эх”-ийн нэр, эх баавгайн хэд дэх төл болох, эрүүл мэндийн үзлэгт оруулсан эсэх гэх зэрэг “хувийн” мэдээллийг нь цацаж, инкубаторт дахь “нярай” үеийн зургийг нь тавих юм.

Түүнээс цааш тэдний төрсөн өдрийг тэмдэглэв, бялуугаар бэлэг барив, ийм тийм тоглоом наадгайгаар тоглуулав,  ингэж тэгж дүрсгүйтэв гэхээс аваад идэш тэжээл ховордсоноор /байгаль дээр/ айлын хашаа хот руу оров, үхэж хорогдсон байсныг нь оллоо гэхчлэн мэдээлсэн байхыг олж уншиж болно. Өнгөрсөн зун гэхэд төл баавгайнд нэр өгөх цахим уралдааныг орон даяар зарлаж, ялагчид аялж амрах таатай нөхцөл амалсны дээр “Панда парк”-ийг үзэж сонирхох боломжийг олгоно хэмээн мэдээлж байв.

Шинжлэх ухааны том судлагдахуун. Панда нь өнө эртний амьтан, “амьд чулуужмал” гэж ч нэрлэдэг байна. Панданы шүд, соёо, ходоод нь махчин амьтныхтай адил. Тиймээс махчин амьтны төрөлд хамаатуулж болох гэнэ. 1980-аад онд анхны судалгааны төвийг 6 панда хашаалснаар байгуулж байжээ. Орчин цагт Хятад улс пандаг хамгийн олноор хашаалан үржүүлж байгаа ба байгальд нь хамгаалан өсгөж байгаа улсад тооцогдож байна. Тэдгээр судалгааны төвүүд нь шинжлэх ухааны цөөн бус нээлт хийсэн аж.

Урлаг соёлын биет төлөөлөгч. Түүний “тоглосон” монголчууд олонхиор мэдэх кино бол “Кунфу панда” юм. Хүүхэлдэйн киноноос гадна зураг, анимэйшн, ном сэтгүүл, ил захидал, бэлэг дурсгалын зүйлст дүр төрхийг нь ашигладаг. Мөн хувцас загвар, гоёл чимэглэл, бичгийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн гээд олончиг бараа таваар дээр “хөрөг” нь залардаг. Энэ нь Хятадын соёл урлагаас гадна нийгэм-эдийн засагт тодорхой байр суурь эзэлдгийг илтгэнэ. Энэ зун ОХУ-д болсон 2018 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Сычуань мужийн хулсны баавгайг хамгаалан судлах төвд 8 хулсны баавгайд зориулсан “хөл бөмбөгийн тэмцээн” боллоо хэмээн мэдээлж байв. Ингэхээр спортын нүүр царай болох алхамаа хийгээд эхэлсэн шиг.

Сурган хүмүүжлийн суурин ба аялал жуулчлалыг өдөөгч. Хөх хотын амьтны хүрээлэнд энэ зун хоёр хулсны баавгай тусгай маллагчийн хамт ирсэн гэх сургаар очиж үзэв. Эл амьтныг үзэгч олноос хамгаалж шилэн хоргоор тусгаарлажээ. Тэднийг ингэж тусгаарлахгүй бол хамтдаа зураг татуулах, дурын хоол хүнс өгөх, илж таалах гэсэн янз бүрийн оролдлого аялагч жуулчдаас гардаг биз. Зочин баавгайг улсынхаа өнцөг булан бүр рүү илгээж байгаа нь эл амьтны тоо толгой өссөнтэй холбоотой гэж ойлгогдоод байгаа юм. Тиймээс л  Хөх хотын амьтны хүрээлэнд нэг хосыг илгээсэн нь тэр байх. Ингэхээр Хятад дотор панда үзэх гэж Бээжин, Сычауныг зорьж цаг зав, мөнгө төгрөгөө үрэх хэрэггүй болжээ гэсэн үг. Чөндү хотын билэг тэмдэг болсон эл амьтныг дэлхийн өнцөг булан бүрээс жилдээ олон мянган жуулчин ирж үздэг байна.

Нэн ховордсон болон ховордсон ан амьтныг судлан хамгаалж, өсгөн үржүүлж буй бодит жишээ.

Байгаль хамгаалах олон улсын холбооноос Хятадын үндэсний билэг тэмдэг болсон панда баавгайн зэрлэг байгаль дахь тоо толгой өсч, нэн ховордсон амьтдын жагсаалтаас хасагдсан хэмээн хоёр жилийн өмнө мэдээлжээ. Мөн энэ зун хулсны баавгайг дэлхий нийтэд танилцуулах, устахын ирмэг дээр байсан эл амьтныг Хятад улс хэрхэн авран хамгаалж тоо толгойг нь олшруулсан арга туршлагыг сурталчлах, пандагийн жишгээр дэлхийд нэн ховордсон бусад төрлийн амьтныг хамгаалахыг олон нийтэд уриалсан долоо хоногийн хугацаатай арга хэмжээ Бээжинд болж байгаа тухай Синьхау агентлаг мэдээлсэн.

Тус мэдээнээс үзвэл манай улс мазаалайгаа энэ жишгээр авран хамгаалах цаг нь болсон шиг. Урд хөрш ийнхүү нэн ховордсон болон ховор олон тооны ан амьтныг хамгаалалтад авснаа пандагаар төлөөлүүлэн зарлан тунхаглаж байхад бид техник технологи хөгжсөн эдүгээ цагт мазаалайгаа мөхөөсөн гэх муу нэр зүүх вий хэмээн эмзэглэл төрж байж билээ.

Гадаад харилцааны элч төлөөлөгч буюу найрамдал нөхөрлөлийн билэг тэмдэг. Хятад улс өмнө нь хоёр орны найрамдлын билэг тэмдэг болгож гадаад улсад хулсны баавгайг бэлэглэдэг байж. Энэ нь тухайн улстай нөхөрсөгөөр харилцахын илэрхийлэл болдог бөгөөд Бээжингийн дипломат харилцаанд онцгой байр суурь эзэлсээр иржээ. Хулсны баавгайг янз бүрийн орнууд руу илгээх нь уламжлал болон тогтсон бөгөөд “пандагийн дипломат харилцаа” гэж нэрлэдэг болж. Харин орчин цагт бэлэглэлийг цуцалж, 10 жилийн хугацаатай түрээслэдэг болсон байна.

Энэхүү нийтлэлээ бичихийн өмнө хэд хэдэн хүнээс “Хятадад хэн хамгийн алдартай вэ” хэмээн товшиж асуухад зарим нэг нь юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа бололтой эргэлзсэн байдал гаргасан бол нөгөө хэсэг нь ямар нэг зүйл бодсон шинжгүй шуудхан л “Ши Жиньпин” хэмээн хариулсан билээ. Тус улсын дарга Ши Жиньпин бол бүх Хятад дотроо төдийгүй өнөө цагийн хамгийн алдартай улстөрийн удирдагчдын нэг яах аргагүй мөн. Гэхдээ Монголчуудын ярьдгаар, түүнийг найман настай балчираас 80 настай ахмадууд таних бол эрхэм пандаг 8 сартай нялх сэвлэгтнээс наян настай буурлууд мэднэ гэж бодохоор хулсны баавгай л алдартан мөн шиг ээ.

Нийтлэлийг Б.Туул 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version