Нүүрсний тээвэрлэлттэй холбоотойгоор хилийн боомтын цагийн хуваарийг сунгажээ
Нүүрсний тээвэрлэлтийн татан авалтыг бууруулсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод автомашины дараалал үүсч, нөхцөл байдал хүндрээд байсан юм. Хятадын талаас энэ сарын 15-18-ны хооронд гаалийн программд шинэчлэл хийхээр мэдэгдсэнээс хойш өдөрт 80 машин нэвтэрч урт дараалал үүсэж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргээд байгаа юм. Анх гурав хоногт программын шинэчлэл хийнэ гэсэн ч сунжирсаар өнөөг хүрээд байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн.
Үүссэн нөхцөл байдал нүүрс тээврийн үйл ажиллагаа, хил нэвтрэлттэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан албаныхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Ганцмод боомтын удирдлагуудтай уулзалт хийжээ.
Тус уулзалтаар Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх зам дээр үүссэн нүүрсний автомашинуудын дарааллыг бууруулах асуудлаар ярилцаж энэ сарын 24-ний өдрөөс тодорхой хугацаагаар хилийн боомтын цагийн хуваарийг 21:00 цаг хүртэл ажиллуулахаар тохирчээ. Мөн дараалалд зогсож байгаа 5,000 орчим машиныг хятадын хил рүү хурдан татаж оруулах асуудлыг хөндсөнөөр сүүлийн гурван хоногт 200, уржигдрын байдлаар 529 автомашин татаад байгаа юм.
Цаашид нүүрсний таталт хэрхэн үргэлжлэх, хэзээ хэвийн байдалд шилжих талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас тодруулахад “Цагийн хуваарийг цаашид дараалал бууртал дахиад сунгах хүсэлтийг тавина. Эхний ээлжинд урт дараалал үүсгээд байгаа 5,000 машиныг хилээр нэвтрүүлчихвэл ирэх сарын эхээр буцаад хэвэндээ орох талаар Хятадын талаас мэдэгдсэн. Орон нутгийн зүгээс урт дараалалд байгаа машинуудыг замаас буулгаж парклах, машиндаа олон хоносон жолооч нарыг амраах ажлыг зохион байгууллаа. Мөн Цагаанхаданд тодорхойгүй хугацаагаар архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон” гэлээ.