Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОнцлохОрон нутаг

Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас 52 сум цахилгаангүй байна

Баруун аймгуудад буюу Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудад өчигдөр шуурсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас цахилгаан дамжуулалтын тулгуур баганууд унаж, нийт 50 сум цахилгаан, эрчим хүчгүй болсон талаар өмнө нь бид мэдээлсэн билээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс Шадар сайдын өрөөнд шуурхай хуралдаж, дараах мэдээллийг хийлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Арваннэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудад буюу ялангуяа Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт байгалийн, гэнэтийн, гамшигт үзэгдэл болсон. Салхины хурд зарим газарт 40 м/сек-ээс давсан. 210 гаруй айлын гэр унаж, одоогийн байдлаар 52 сумын цахилгаан тасарсан. Цасан шуурганы улмаас сураггүй болсон 3 иргэн эсэн мэнд олдсон байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, орон сууцны барилгуудын дээвэр хууларсан. Хохирол нэлээд өндөр байгаа” гэлээ.

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар:

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар салхи 40 м/сек хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурсан

2018 оны 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 м/сек зарим үед 26-31 хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах мэдээлэл ирсэн. ОБЕГ энэ сарын 21-ний өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болох талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, багц мессэжээр олон удаагийн давтамжтай хүргүүлсэн. Хүчтэй салхи Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар 20-30 м/сек, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/сек хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурсан. Шуурганы үеэр 9 иргэн сураггүй алга болсныг нэг цагийн өмнөх мэдээллээр бүгдийг нь эсэн мэнд олсон.

1600 мал шуурганд уруудсан. 27 барилгын дээвэр хийсэж, 211 гэр, 200 гаруй хашаа нурж унасан. Цахилгаан дамжуулах агаарын шугамын 13 багана унаснаас нийт 4 аймгийн 52 суманд цахилгаан тасарсан.

173 хүн 23 техник хэрэгсэлтэйгээр сэргээн засах ажлыг гүйцэтгэж байна. Архангай аймгийн авто замыг 25-ны 14.00 цагаас 26-ны өдрийн 11.00 цаг хүртэл түр хаасан.

Хужирбуланд айлын байшингийн дээвэр нуран хоёр айлын дээр буусан осол болсон

Ц.Даваасүрэн: Маргааш баруун аймгуудын эрчим хүчний хангамжийг сэргээнэ

Баруун аймгуудын нутгаар 24-25-нд шилжих шөнө онц хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эрчим хүчний системд доголдол үүслээ. Одоогоор гурван тулгуурын 2-ыг тээвэрлэн, газар дээр нь угсарч байна. ОХУ-ын 220 кв тэжээж байгаа шугамыг бүрэн босгож дуусгасны дараа эрчим хүч сэргэнэ. Маргааш гэхэд амжуулаад бүрэн эрчим хүч сэргээх арга хэмжээг авна. Улаангомоос Өмнөговь хүртэл 110 кв шугам дээр 9 тулгуур унасны 8-ыг шөнө босгосон. Ингэснээр хөлдөх аюулаас сэргийлсэн. Цагийн дараа Увс аймагт нэг тулгуурыг босгосноор гол хэрэглэгчид буюу эмнэлгүүд эрчим хүчээ авна. Сумдын хязгаарлагдсан хэсэгт дэс дараалалтай цахилгаан өгнө. Зарим сумдад дулаан хангамж асуудалтай байгаа ч хөлдөхөөс сэргийлэх арга хэмжээг авсан.

Нийт гарсан хохирлын хэмжээ 390 гаруй сая төгрөг болж байна. Энэхүү ослоос цаашид бүх сумдад нөөцийн дизель станц байх хэрэгтэй нь харагдаж байна. Сүүлийн 20-30 жилд алслагдсан шугамуудыг шинэчлээгүй. Ирэх жил үүнд ч тодорхой хөрөнгө тавигдаагүй.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин: Ойрын гурав хоногт цаг агаар нэлээд хүйтэн байна

Сүүлийн гурван өдөрт Монгол орны нийт нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас 22-ноос эхлэн анхааруулсан. Энэ сарын 24-ны өдрөөс эхлэн баруун аймгуудаар салхи 28 м/сек хүрч, хүчтэй салхи шуурна гэдгийг дохио анхааруулгаар тогтмол мэдээлсэн. Энэ сарын 24-ны орой 20.00 цагт Баян-Өлгийд, 25-ны 02.00 цагт Ховдод, 25-ны 05.00 цагт Увс аймгийн зарим сумдын нутгаар салхи секундэд 15-30 метр хүрч гамшигт үзэгдэл ажиглагдсан.

Салхины хамгийн их хурд Баян-Өлгийн Өлгийд 30 м/сек, түр зуурынх нь 36 м/сек, Ховдын Ховд суманд 25 м/сек, Увсын Завхан суманд 24 м/сек, Говь-Алтайн Бугатад 25-ны өглөө 09.40 цагаас эхлэн 30 м/сек, 41 м/сек хүрч ширүүссэн.

Дээрх үзэгдлийн үед тунадасны хэмжээ харьцангуй бага, их төлөв цасаар шуурч орсон. Хамгийн их нь Баян-Өлгийн Ялалтад 4.3 мм, Увсын Баруунтуруун, Улаанбаатар хот орчмоор 2 мм орчим цас орсон.

Өнөөдөр өглөөний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн зузаан нь Хөвсгөлийн Улаан-Уулд 13-15 см, Увсын Давст, Завханы Улиастай, Баруунтуруун, Түргэн Булганы Тэшигт 9-11 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Ойрын гурав хоногт цаг агаар нэлээд хүйтэн байна.

Энэ сарын 29, 30, 31-нд түр зуур дулаарч, арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн агаарын температур огцом буурна.

БХБ-ын сайд Я.Содбаатар: Гамшгийн улмаас 5 аймгийн зам хаасан

Гамшгийн улмаас таван аймгийн замыг хаасан. Одоогоор замууд нээгдсэн, нэг замын цас цэвэрлэх ажил үргэлжилж байна. Цаашид цаг уурын гамшигт үзэгдлийн талаар мэдээллийг иргэдэд хүргэж байх шаардлагатай байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Цахилгаан тасалдсан ч бүх сумдын эмнэлэг хэвийн ажиллаж байгаа

Цахилгаан тасарсан бүх сумын эмнэлэг хэвийн ажиллаж байгаа. Баян-Өлгий аймагт хоёр хүн осгосон.Одоогоор нэг хүний биеийн байдал хүнд, нэг нь дунд зэрэг байна. Мөн Говь-Алтай аймагт замын кэмпийн сэндвичэн барилгын дээвэр айлын гэр дээр унаж, иргэд эмнэлэг хүргэгдсэн ч биеийн байдал гайгүй байсан учир буцсан гэв.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments

Танд таалагдах

Close
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version