Нийгэм

Тос дотроосоо өтдөг шиг МАН дотроосоо өтөж дээ

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцоруулахаар өнөөх ЖДҮ-гийн асуудалд толгой сүүлээрээ холбогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүд “ажиллагаа”-гаа эхлүүлчихлээ дээ. Юу гэнэ вээ…ЖДҮ-д холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцож чадсангүй гэнэ үү… Засаг огцоруулах нь буруу гэж байгаа юм биш, гэхдээ өөрсдийн нэр дээр болон хамаарал бүхий ах дүү, аж ахуйн нэгжүүдээр дамжуулан авснаа үгүйсгэх баримтаа гаргаад ирэх, эсвэл “үнэхээрийн ухаан дутлаа ухамсраараа би эхлээд, чи дараа нь буугаадах” гэсэн мэргэн ухаан гаргасан бол ард түмэн болоод өнөөдрийн төр засагт харуулах түүхэн дэх илүү сайн жишиг болох байсан бус уу. Нэгийн байрыг солиод нэмэгдэхүүний чанар өөрчлөгддөггүйн том жишээ болсон улс төрчид минь ээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг албан тушаалаа өг гэж У.Хүрэлсүх хэлсэн учраас арьсаа хамгаалах арга нь засаг огцруулах байж л дээ. У.Хүрэлсүхийг огцруулах үндэслэлүүд нь бүр бөгс улаймаар. ЖДҮ-д холбогдсон учраас гэнэ. Гэтэл Д.Хаянхярваа нь өөрөө ЖДҮ-тэй холбогдсон хөдлөшгүй баримттай. Сонирхолтой нь тэдний дунд М.Ундармаа, Б.Саранчимэг гэх мэт “зээлийн асуудалтай” зарим гишүүдийн нэр ч тууж явна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тэдэнтэй нэгджээ. Бас нэг засаг унагаах нөхцөл нь энэ нөхөртэй холбоотой байдаг. Урьдах хойдохоо мартдаг маш аюултай өвчин тэр хүнд байгаа биз. Тэр У.Хүрэлсүхийн танхимд жил шахам хугацаанд хамтарч ажилласан гэдгээ мэддэг л байгаа даа. Ж.Эрдэнэбат ерөнхий сайд байхдаа банкаар жилийн 9 хувийн хүүтэй олгогддог байсан зээлийг ХХААХҮЯ-аас жилийн 3 хувийн хүүтэй олгодог болгох Засгийн газрын тогтоол гаргуулж, энэ бүх бузар булайгийн үүд хаалгыг ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн үед нээж өгсөн баримт нь нийтэд болоод хуулийн байгуулага дээр ил болчихоод шалгалт шүүлгэ эхлээд байгаа энэ цаг дор эрчийг нь бууруулах гэсэн арга саам гэж ойлголтыг улам батжуулах муйхар арга чинь арай л болхидоод байгаа юм биш үү.

Огцруулах үндэслэлийн дараагийн шалтгаан нь 2019 оны төсөвт тавьсан хориг. Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригт Ерөнхий сайд буруутай гэх боловч энэ төсвийг баталсан хүмүүс нь өөрсдөө. Мөн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн, нэгдсэн чуулганаар эцэслэн шийдээгүй байж төсвийн асуудлаар огцруулна гэдэг бас л зохимжгүй. Гэх мэтчилэн ойлгомжгүй зүйл олон байгаа ч хүний олноор огцруулна гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх найдвар тун бага байна.

Тос дотроосоо өтдөгийн адилаар нам доторх идээ бээрээ тэсэлсэн шиг тэсэлж, намын шинэчлэлийг хийхгүйгээр МАН-ын хувьд дараагийн сонгуульд төгөлдөршиж орж ирнэ гэдэг зангууны л үлгэр. Өнөө л сонголтгүй сонголтыг ард түмэнд тулгах “бүдүүлэг сонгууль”-ийн зарчим үйлчилнэ. Даарин дээр давс гэгчээр АН-ынхан “огцоруулна”, “огцоруулахгүй” гэсэн хоёр өөр байр суурь илэрхийлж байгаа нь бас л “хонжоо хайсан” нь илт. Улс төрийн намын хувьд АН ч бас цэвэр улсууд биш. Хэрэвзээ огцоруулах дээр тал засаад ташуур өгчихвөл “бие биеэ хаацайлж хамгаалах хаалт” бүрэн хэрэгжиж, төр засгийн барьц нь улам лавширч “бохирдохын цондон”. Тээр хэлсээр байтал засаг огцоруулахад байр сууриа нэгтгэнэ гээд АН нь МАН-даа хандаад зарлачихлаа. Тэнцүү МАНАН. Хэний халаасанд байгаа нь тов тодорхой харагдаж байгаа биз дээ. Арга ч үгүй биз дээ хамтарч булайгаа дарахгүй болбоос амьсгал давчдаад аль алинд нь хэцүү л байсан биз. Нэг удаа ч болов амин хувь биш нийт улсынхаа эрх ашгийг бодсон болдоо гэх гаслаан хаа нэг сонсогдох шиг.

У.Хүрэлсүхийнх нь байна уу, дараагийн ээлжийн халбага сэрээ баригсадын Засгийн газар нь байна уу, нийт иргэдэд огтоос сонин биш. Гагцхүү дараах нийгэмд хүлээлт үүсгэсэн эхлэл нь тавигдаж буй ажлууд учир утгаа алдах вий гэхээс эмээж байна.
1. Төв цэвэрлэх байгууламж хугацаандаа баригдаж, Улаанбаатарчууд бид үмхийгээс, Туул гол цэвэрлэхийн бохир цутгалаас салах асуудал /300 сая долларын БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэн 2020 он бүрэн барьж дуусгах /
2. Нефть боловсруулах үйлдвэрийн ажлаа дуусгаад өөрсдийн балга бензинтэй болох асуудал /Энэтхэгийн Засгийн газраас нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлээр баригдах газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажил 2022 онд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөх./
3. УБ хотын усан хангамжийн төслөө хэрэгжүүлж, энэ зовлонт хотын ганц боловч зовлонг нимгэлэх асуудал /360 сая долларын буцалтгүй санхүүжилтээр Мянганы сорилтын корпарициас 2019-2023 онд хэрэгжүүлэх Улаанбаатарын усан хангамжийг иж бүрнээр шинэчлэх /
Топор нь огцорвол энэ ажлууд багадаа 1-2 жилээр хойшилж бид царай алдаж гуйсан гадны улс орнуудын өмнө дахин шившигээ чирж, хэрэгжихгүй ч болж мэдэх вий дээ гэхээс л айж байна. МАНгар МАНтуунууд нь огцруулна даа, харж л байгаарай.

Нөхцөл байдал ийм дээрээ тулсан юм чинь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд нэг бол нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцан байж Засгийн газраа унагах, эсвэл сэлэмнийхээ ирийг эргүүлсэн шиг эргүүлээд өөрсдийнх нь “ухсан нүх”-рүү нь хамтдаа унах гэсэн хоёрхон л зам үлдэж. Ерөнхий сайдын суудлаа авч байх үедээ ярьж байсан сахилга хариуцлагын асуудлаа хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж, унагахыг нь унагааж, босгохыг нь босгоодл нэг талдаа гаргасан нь ядаж үлдэх засагтаа хэрэгтэй юм даа.

А.ГАЛСАН

 

 

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version