ВидеоУлс төр

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцон хүндэтгэл үзүүлэв.

Уламжлал ёсоор Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас авч, есөн шарга морьтой торгон цэргүүд төв талбайг нар зөв тойрон Төрийн ордонд буцаан заллаа.

Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгонтахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж: “Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй” гэсэн байдаг. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэхийг албан ёсоор хуульчилсан билээ.

Өнөөдөр 14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлэх юм.

 

 

 

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version