Байгаль орчинНийгэмЭнэ сардЭх сурвалж

А.Баярцэцэг: Байгаль ээжээ авран хамгаалах сэтгэл хэрэгтэй 

“Дэлхийн Мисс 2016” тэмцээний Шилдэг 11 миссийн нэг, Ард түмний сонголт, Авъяаслаг мисс, жүжигчин, My Club-н гишүүн А.Баярцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Таалан болгооно уу.

-Юуны өмнө “Дэлхийн мисс 2016”-д оролцох болсон түүхээсээ хуваалцвал?

-Би хүүхэд байхдаа өөрийгөө хэзээ ч мисс болно гэж бодож, мөрөөдөж ч байгаагүй. Харин кино найруулагч эсвэл сансрын нисэгч болно гэж мөрөөддөг байлаа. Энэ багын мөрөөдөл маань намайг мэргэжлийн бус хэрнээ жүжигчний каръерийг эргэлт буцалтгүй хөөхөд хүргэсэн. Анх 4 жилийн өмнө Америк улс руу жүжигчин болно гэж мөрөөдлөөсөө өөр зүйлгүй, түүндээ хэрхэн хүрэх аргаа ч мэдэхгүй очиж байсан юм.

Гэхдээ зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай, цуцашгүй тэмүүлж, хөдөлмөрлөж байгаа хүнд амьдрал цаанаасаа шагнал болгож бага багаар дохио илгээдэг гэдгийг ажигласан. Түүнийг бид Боломж гэж нэрлэдэг. Энэ боломжуудыг олж харж, ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Миний хувьд миссийн тэмцээнийг анх жүжигчний каръерийн маань боломж байж магадгүй гэж харж орсон боловч олон улсын тэмцээний дараа бодол маань өөрчлөгдчихсөн.

Энэ бол зөвхөн хувь хүний амжилтаас илүү зүйл юм байна, эх орноо дэлхийн тавцанд сурталчилан таниулах соёлын, эдийн засгийн,  аялал жуулчлалын, сэтгэлгээний асар том боломж, бахархал юм байна гэж бодох болсон. Тэр цагаас хойш л Гоо сайхны Олимп гэгддэг Дэлхийн Мисс тэмцээнд оролцох юм сан, хэрэв тийм хувь тохиовол Монгол нэрээ дэлхийд заавал дуурсгана даа гэж хүсч мөрөөддөг болсон маань ч биеллээ олсон. Ер нь хувь тавиланг хүн л өөрөө зурдаг юм байна гэдэгт итгэдэг шүү.

“Дэлхийн мисс”- тэмцээний дараа амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Дуу хоолой. Дэлхийн Мисс тэмцээнд оролцсоны дараа маш олон хүн таньж мэддэг болсон. Олон хүний хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг нэг талаараа сайхан. Нөгөө талаар олны итгэлийг дааж, зөв явна гэдэг маш том үүрэг хариуцлагыг өгдөг. Тиймээс энэ дуу хоолойг зөв зүйлд ашиглах уу, үгүй юу гэдэг хувь хүний сонголт. Нэгэнтээ олон мянган хүнд хүрч, санал бодлоо солилцож, мэдээлэл хүргэж болохуйц энэ боломж нь байгаа тохиолдолд үүнийг бусдын төлөө эерэг, зөв зүйлсэд ашиглахгүй бол “хайран” болно.

-“Му club”-ын гишүүдийн нэг гэсэн шүү дээ. Байгаль орчны салбарыг яагаад анхаарах болсон юм бэ?

-2007 онд анх КТМС-н оюутан болоход Монголын түүхийн хичээлийг Д.Сэрдарам гэдэг багш маань заадаг байлаа. Дарам багшийн хичээл бусдаасаа их өвөрмөц, сонирхолтой, хичээлийн дараа хорвоо дэлхийн сонин хачны тухай элдвийг бодсон бодрол, эргэцүүлэл, асуултуудаар дүүрэн тардаг байлаа. Дарам багш маань оюутны амьдралын маань оюун сэтгэлгээ, залуу хүн болж төлөвших тэр чухал үед сэтгэл зүйн болон нийгмийн их том үүрэг гүйцэтгэсэн хүн гэж би боддог.

Багшийн маань нэгэн том мөрөөдөл бол мод тарих. Сая мод тарина гэдэг түүний мөрөөдөл олон мянган оюутан залуусын мөрөөдөл болон хувирсны нэг нь би. Оюутан хүнд хичээлээс өөр хийх зүйлс төдийлөн байхгүй, амралтын өдөр найз нөхөдтэйгөө уулзах, кино үзэхээс хэтэрдэггүй явцуу цагаа өнгөрөөдөг нь нууц биш. Тэгвэл долоо хоног бүрийн хагас сайн өдөр хаа нэг тийшээ явж мод тарьж, өдөржин тарьсан модоо усалж, гарынхаа булчинг цочиртол хувинтай ус зөөж, найз нөхөдтэй болж, хамтдаа инээлдэж хөгжилдөн харих замдаа багшаараа зайрмаг авахуулж иднэ гэдэг миний л хувьд жинхэнэ оюутан цагийн оргил үе байсан.

Модтой танилцсан түүх маань энэ. Цөлжилт, шороон түйрэн гэж юу болох, байгаль орчноо хайрлан хамгаалахын тулд бид яагаад мод тарих ёстой, тарьсны дараа түүнийгээ хэрхэн арчилж ургуулах гээд экологийн олон талын мэдлэгийг багшийнхаа санаачилсан “My Club”-д яваад ойлгож эхэлсэн маань өдийг хүртэл байгаль орчны салбартай хамтран ажиллахын үндсийг тавьсанд их баярладаг.

Өнгөрсөн хугацаанд байгаль орчны ямар, ямар үйл ажиллагаа хөтөлбөрт оролцов?

-“My Club”-д явж эхэлснээс хойш 10-аад жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн хугацаанд жилээс жилд гишүүдийн тоо маань нэмэгдсээр нэг л мэдэхэд 3000 гаруй сайн дурын залуус эх орныхоо өнцөг булан бүрт цөлжилтийн эсрэг 350 мянга гаруй модыг тарьж ургуулаад байна.

Клубынхээ үйл ажиллагааны хүрээнд Солонгос, Филиппин, Энэтхэг зэрэг олон орнуудад очиж байгаль орчин, цөлжилтийн эсрэг илтгэл тавилаа. 2017 оноос эхлэн НҮБ-н REDD+ ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Монгол дахь төслийн нүүр царай, элч төлөөлөгч болон ажиллаж байна.

Сүүлийн үед хийгдсэн ажлаас гэвэл 2017 онд Герман улсын Бонн хотноо зохион байгуулагдсан НҮБ-н COP23 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын хурал чуулган дээр Монгол улсын танилцуулга эко видеог “Ace энтертайнмент”-ийн хамтаар хийсэн. Түүнчлэн энэ жил “Улаанбаатар хотын Эко элч”-ээр сонгогдон ажиллаж байгаа маань өндөр хариуцлага гэж бодож байгаа.

-“Ногоон Ази Сүлжээ ТББ-тай хэзээ холбогдсон бэ?

-Уур амьсгалын нөлөөллийг бууруулах зорилготой Ногоон Ази төрийн бус байгууллагатай “My Club”-нхээ үйл ажиллагаагаар дамжуулан 2008 оноос эхлэн хамтарч ажиллаж байгаа. Хамгийн анх Ногоон Ази Сүлжээгээс Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдсан ‘Зүүн Өмнөд Азийн Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал’-д My Club-ээ төлөөлөн оролцох боломжийг олгож байсанд их баярладаг.

Тухайн үед манай баг хамт олон ‘Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний эсрэг хэрхэн тэмцэх нь’ сэдэвт илтгэлээр оролцож өөрсдийн туршлага мэдлэгээ олон орны оюутан залуустай хуваалцаж байсан нь маш их урам зоригийг өгч байсан юм.

-Хамтын ажиллагааны талаарх сэтгэгдэл?

-“My Club”-н сайн дурын гишүүдийнхээ хамтаар Өмнөд Солонгос улсын Сувон хотын иргэд болон байгууллагуудын дэмжлэгтэйгээр бий болгосон Төв аймгийн Эрдэнэ суман дахь 117 га талбай газар цөлжилтийн эсрэг 123 мянган модыг хамтдаа тарилцаж, жил бүр тарьсан моддоо усалж байна. Цаг хугацаа гардаг л юм бол залуус долоо хоног бүрийнхээ хагассайн өдөр модоо тарих, услахаар явах их дуртай.

Мод тарина гэдэг мөнгө санхүү гэхээс илүү хүний сэтгэл зүрхтэй холбоотой асуудал юм шиг санагддаг. Залуус бидний хувьд байгалийн доройтол, хөрсний элэгдэл, усны хомсдол ямар хурдтай явагдаж байгааг тэнд харж, багшаасаа болон Ногоон Ази сүлжээний мэргэжлийн хүмүүс, талбай дээр байнга ажилладаг мэргэжилтнүүдээс экологийн амьд хичээл, мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой байдаг.

Дэлхийн улс орнуудад байгаль орчны асуудлаар залуучуудын үүрэг, манлайлал хэр байдаг вэ?

-Дэлхийн улс орон бүрт тулгарч байгаа байгаль орчны асуудлууд өөр өөр байна. Өмнөд Солонгос гэхэд нийт газар нутгийн ихэнх хэсэг нь ой мод учраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих гэхээс илүүтэйгээр аж үйлдвэржилтийн хог хаягдал, усны бохирдол дээр гол анхаарлаа хандуулж байна. Филиппин улс дэлхийн дулаан бүс нутагт байрладаг, тропик ой ихтэй газар хэрнээ ойн хомсдол, дэлхийн дулааралд нэн өртөж буй газрын нэг.

Харин Энэтхэгт усны асуудал, буруу зохион байгуулалт экологийн тэнцвэрийг алдагдуулж буй учраас энэ чиглэлээр зөвхөн засгийн газар, төрийн болон олон улсын байгууллагууд ажиллаад зогсохгүй энэ талаар санаа тавидаг оюутан залуус, хүссэн хэн бүхэн түүний нэгдэл өөрсдийн коммунити, клуб, төрийн бус байгууллагыг үүсгэн санаачлан ихээхэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг нь ажиглагдсан.

Энгийн 10 жилийн сургуулийн сурагчдаас эхлээд их сургуулиудад хүртэл мини экологийн клуб, нэгдлүүд байгуулж, байгаль орчныхоо асуудлыг шийдвэрлэхэд бага гэлтгүй чадах чинээгээр хувь нэмэр оруулдаг. Энэ нь аливаа асуудлыг шийдэхэд бүтэц, санхүү, хөрөнгө мөнгө гэхээс илүүтэйгээр идэвхи санаачлага, эх дэлхийгээ хайрлах сэтгэл, багаар ажиллах чадвар хамгийн чухал болох нь ажиглагдсан.

Монголын цөлжилтийг бууруулах ажилд монгол залуучууд яагаад манлайлан оролцох ёстой вэ?

-Цөлжилт бусад экологийн асуудлуудтай харьцуулвал хүний нүдэнд “Асуудал- Проблем” гэж харагдахдаа удаан. Улаанбаатарт суугаа бид уур амьсгалын өөрчлөлтийг өдөр тутмын амьдралдаа мэдрэх нь бага. Гэхдээ том зураглалаар нь харвал манай орны хамгийн тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй болоод байгаа.

Сүүлийн үед Монгол улсын нийт газар нутгийн 90 гаруй хувь нь цөлжилт, хуурайшилтанд өртөж эхэлж байна гэсэн тооцоо хүртэл гарсан байна. Үүнээс цөлжилтөнд нэн хүчтэй өртсөн хэсэг 5 хувь, хүчтэй өртсөн нь 18 хувь, харин сул өртсөн хэсэгт 23 хувь нь тус тус хамрагдсан хэмээн тооцоолсон байсан.

Өнгөрсөн жил кино зургаар Арын сайхан хангай гэгддэг Архангай аймаг руу наадмын дараахан явахад ихэнх нь газар хатаж шарлаж борлосон харамсалтай дүр зураг угтсан. Улс орны сайн сайхан байдал, байгаль орчин, түүний эрүүл оршихуйтай салшгүй холбоотой байдаг учраас байгаль орчноо хамгаалах асуудлыг зөвхөн төрийн байгууллагуудад даатгаад орхих хэрэггүй.

Усыг нь ууж, агаараар нь амьсгалж байгаа иргэн хүнийхээ хувьд эх орноо хайрлах, хувь нэмрээ оруулах, эерэг өөрчлөлтийг бүтээх сэтгэлтэй залуус нэгдэж, шийдвэрлэх алхмуудыг хийх шаардлагатай болоод байна. Цөлжилтийг үүсгэж буй хоёр гол хүчин зүйлийг хүний болон байгалийн хэмээн ангилдаг.

Үүнээс биднээс шалтгаалахгүй, өөрчлөх боломжгүй байгалийн хүчин зүйл нь 13 орчим хувийг, харин хүний нөлөөлөл хамгийн их буюу 87 хувийг эзэлдэг гэдэг учраас хүний урт хугацааны тогтвортой бус үйл ажиллагааг хянаж, сайжруулж чадвал цөлжилтийг багасгах бүрэн боломжтой юм.

айгаль орчны ирээдүйн төлөө хүмүүст болон залуучуудад хандан хэлэх уриалга?

-Би саяхан “Мисс Монголиа 2018” тэмцээний “Оюунлаг Мисс шалгуурыг шүүж байхдаа Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, лектор Г.Бандицэрэн ахын Байгаль ээжийн тухай уншсан илтгэлийг сонсох боломж олдсон юм. Тэрээр Байгаль эхийг Хүний ээжтэй зүйрлэн хэлсэн нь сэтгэлд их хоногшин үлдсэн.

Эх хүн насан туршдаа үрээ тээж явдаг, эхлээд хэвлийдээ 10 сар тээж, дараа нь сэтгэл зүрхэндээ насан туршдаа тээж, өөрөө өвдсөн ч үрээсээ нуудаг, өлссөн ч сүүлийн аяга хоолоо үрдээ өгдөг, насан туршдаа өгсөөр л байдаг дундардаггүй, дуусдаггүй хайрын эзэн бол эх хүн. Харин насан туршдаа албатай мэт авсаар л байдаг, авснаа юман чинээ боддоггүй үр хүүхэд бид өтлөхийн цагт ээжийгээ ганцаар хөсөр хаян, асрамжийн газар үлдээгээд явж чадах уу?

Яг л тийм дүрс зураглал өнөөгийн бидний Ээж-Байгальд тохиолдоод байгаа юм биш биз хэмээн тэр хэлж байсан нь тод санагдаж байна. Байгаль ээжээ гомдоон, газар хөрсийг нь ухан сэндийчилж, мэдсээр байж бохирдуулж, доройтуулж суугаа үр бидэнд уг үндэс, эх байгалиа хайрлах, энэрэх, авран хамгаалах, хүндлэх сэтгэл хэрэгтэй байна. Учир нь сэтгэл байгаа цагт арга зам үргэлж байдаг гэдэгт би итгэдэг.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version