Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо- Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм.
Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа.
“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулсан байна.
Шилдэг дүүргээр Хан-Уул шалгарч, Налайх, Багануур дүүргүүд удаалсан байна. Харин орон сууц хорооллын шилдэг аж ахуйн нэгжээр “Гоёо” ХХК, Сити их сургууль, “Багануур” ХК-иуд шалгарсан бол гэр хороолол дундах шилдэг тохижолттой аж ахуйн нэгжээр “Сайн номун” хийд, “Арвайн үндэс” ХХК, “Авто шил” ХХК-иуд тус тус шалгарчээ.