
Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хүрээнд Монгол Улсад зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр эрсдэлийн үнэлгээ хийж, нийт 1500 орчим зураглалыг боловсруулсан. Тус төслийн хүрээнд боловсруулсан “Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээ”-г танилцуулж байна.
Монгол орны хувьд ойн экосистемийн орон зай-цаг хугацааны динамикийг тодорхойлдог гол хүчин зүйл бол ойн түймэр юм. Зарим судалгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байгаа бөгөөд жил бүр 80-100 тал хээр, ой хээрийн түймэр ихэвчлэн 3-6-р саруудад гардаг.
Хээрийн түймэр нь бэлчээрт их хэмжээний эдийн засаг, экологийн хохирол учруулдаг. Тухайлбал, хээрийн түймэр нь ялзарсан өвс, ургамлууд, бут сөөгийг шатааж, хөрсний чанарыг бууруулж, органик бодисыг устгаж, хөрсний элэгдэлд хүргэдэг.
Тал хээрийн түймрийн шалтгааныг
- Байгалийн,
- Хүний санаатай үйл ажиллагааны үр дүнд
- Санамсар болгоомжгүй үйл ажиллагааны үр дүнд гэсэн гурван төрөлд ангилдаг байна.