Ахмад дайчдад “Эх орны дайны ялалтын 80 жил”-ийн ойн медаль гардууллаа

1941-1945 оны аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой 2025 онд тохиож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-иар шагнах ёслол ОХУ-ын Элчин сайдын яаманд /2025.03.13/ боллоо.
Ойн медалийг уг дайнд гар бие оролцон зүтгэж явсан ахмад дайчдад олгодог онцлогтойг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков тодотгоод, ахмад дайчин:
- Намсрайн Пүрэвжалба
- Ундрахын Доржпалам
- Цэрэнгийн Чимэдцэрэн
- Гомбосүрэнгийн Шагдар
- Дорлигжавын Цанжид нарт ойн медаль гардуулж, баяр хүргэв.
Монгол Улсаас Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчдаас өнөөдөр 20 хүн амьд сэрүүн байгаа бөгөөд тэднээс Улаанбаатар хотод амьдарч буй дээрх таван ахмад дайчин үр хүүхдүүдийн хамт ЭСЯ-нд хүрэлцэн ирсэн юм.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков “2025 оны тавдугаар сард бид аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Ялалт байгуулахад Монголын холбоотнууд маань ЗХУ-д үзүүлсэн дэмжлэг тусламжийг үнэлж баршгүй.
2025 оны есдүгээр сард Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны 80 жилийн ойг манай хоёр улс хамтран тэмдэглэх гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар зөвхөн тухайн дайнд гар бие оролцон зүтгэж явсан дайчдад энэхүү одонг гардуулдаг журамтай. Ахмад дайчдын тоо жилээс жилд цөөрч байгаа нь гунигтай.
Энэхүү хоёр дайны түүхт ялалтын ойн жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх тавдугаар сард Москвагийн Улаанталбайд болох Ялалтын парадад оролцох урилгыг манай талаас явуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг хүлээн авч, оролцохоо мэдэгдсэн.
Ойрын хугацаанд ЭСЯ-наас айлчлалын бэлтгэл хангаж, түүхт ойг тэмдэглэх арга хэмжээг Ерөнхийлөгчийн айлчлалаас эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.