Тамирчдын амжилт

Монголын баг тамирчид “Турин-2025” тусгай Олимпын өвлийн наадамд оролцоно

Тусгай Олимпын өвлийн наадам 2025 оны 3 дугаар сарын 8-16-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 103 орны 1500 гаруй тамирчид өвлийн спортын 8 төрлөөр өрсөлдөнө. “Турин-2025” өвлийн наадамд Монголын Тусгай Олимпын баг тамирчид уулын цана, сноуборд, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккей гэсэн спортын 6 төрөлд Улаанбаатар хот, Дорнод, Өвөрхангай, Орхон, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон 24 тамирчин оролцох юм.

Берлин хотод 2023 онд болсон Тусгай олимпын зуны наадам Монгол Улсын хувьд түүхэн чухал өдөр болсон /2023 оны 6 сарын 18-ны өдөр/. Учир нь Дэлхийн Тусгай Олимп “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, энэхүү эвслийг үүсгэн байгуулагч 4 тивийн 14 орны нэгээр Дэлхийн Тусгай Олимпын хамгийн залуу гишүүдийн нэг болох Монгол Улс нэрлэгдэж, Берлины тунхаглалаар олон улсад зарлагдсан. Энэ эвслийн зорилго нь дэлхий даяар 150 мянган сургуулиар дамжуулан 2 сая оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдэд хүртээмжтэй боловсролыг олгох, боловсролын системд реформ хийх ажлыг эрчимжүүлэх аж.

Турины өвлийн олимпын үеэр дээрх эвслийн ээлжит хурал “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” сэдвийн хүрээнд болох бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин оролцоно. Энэхүү дээд түвшний уулзалт хэлэлцүүлэгт Тусгай Олимпын гишүүн орнуудын төрийн төлөөлөл болон засгийн газрын гишүүд, олон улсын хэмжээнд хамтран ажилладаг түнш байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, спорт, эрүүл мэнд, боловсролын салбарын экспертүүд оролцож туршлагаа солилцон, өмнөө тулгарч буй сорилтыг хэрхэн даван туулах шийдлээ танилцуулах юм.

Мөн Турины Олимпын үеэр энэхүү эсвэл шинэ гишүүдээ батламжлах бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх, тэр дундаа хөгжлийн ялгаа багасгах, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах, тэгш боломжийг дэлхийн даяар бий болгох хамтын ажиллагаагаа баталгаажуулж өргөжүүлнэ.

Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал нь боловсрол юм. Эдгээр хүүхдүүдийн 43% сургуулиас завсардсан, 49% нь хэзээ ч сургуульд явж үзээгүй, 42% нь уншиж бичих, дөрвөн аргын тоо бодож чадахгүй, энгийн хүүхдүүдтэй харьцуулбал хоёроос гурав дахин бусдад дээрэлхүүлж, гадуурхагддаг. Ялангуяа ковидоос хойш энэ ялгаа улам ихэсжээ. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд бусадтай харьцуулбал ковидын халдвар авах магадлал 3 дахин, нас барах магадлал нь 6 дахин өндөр байна. Ийм учраас Тусгай Олимп өнөөдрийг хүртэл дэлхийн 148 орны 30 мянган сургуульд амжилттай хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөтгөж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлж, утгаар нь Хүмүүнлэгийн Хувьсгал хийх түүхэн шийдвэр гаргаж, үүнд нь Монгол Улс манлайлан оролцож байна.

Дэлхий даяар оюуны ялгаатай хөгжилтэй 0-17 насны 240 сая хүүхэд байдгаас өндөр хөгжилтэй ба хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудын зааг ялгаа тэр хэрээр их байсаар байна. Монголын Тусгай Олимпын Хороо нь анх 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Лос Анжелес, Абу Даби, Берлины зуны олимпоос нийт алт 10, мөнгө 17, хүрэл 28 медалиуд авчээ. Харин өвлийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд 2017 онд Австри улсад болсон өвлийн наадмаас алт 2, мөнгө 4, хүрэл 2 авсан амжилттай байна.

Турины Тусгай Олимпын өвлийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдад амжилт хүсье!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version