Хууль эрх зүйFocus

Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг хил давуулах гэж байсан зөрчлийг илрүүлэв

2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол улсын иргэдийг ачааг шалгажээ. Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10 хайрцагт тус тус хийн нуун далдалсан 24 нэр төрлийн эм илэрсэн байна. Энэхүү гэмт хэргийн шинжтэй зөрчлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эдгээр эмнүүдийн дунд мэдрэлийн өвдөлтийн хам шинж, захын мэдрэлийн өвдөлтийн үед хэрэглэдэг өвчин намдаах үйлчилгээтэй, эмчийн жороор олгодог эм их хэмжээгээр байсан ба энэхүү эмийг тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд мансууруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Эдгээр эмийг мансуурах зорилгоор тун хэтрүүлэн, зориулалтын бус аргаар хэрэглэснээс болж, гар, хөлийн хуруу эд, эрхтэн нь үхжих цаашлаад тайруулах эрсдэл үүсэгдэг аюултай  юм.

Иймд иргэдийг улсын хилээр зорчихдоо хувийн хэрэглээнээс хэтэрсэн эм бэлдмэл авч явахгүй байх, дамжуулахгүй, тээвэрлэхгүй байхыг гаалийн байгууллагаас  анхааруулж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close