Нийслэл

Хот байгуулалтын бодлогоо тодорхойлов

Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая иргэн Улаанбаатарт амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70, худалдаа, үйлчилгээний 84, их, дээд сургуулийн 96 хувь нь төвлөрч буй. Хотжилт эрчимжиж байгаа энэ үед Монгол Улсын нийслэл хот, дагуул хотууд, улс, орон нутгийн зэрэглэлтэй болон шинээр байгуулах хотуудыг дэлхийн жишиг, зарчмын дагуу хүн төвтэй, амьдрахад таатай, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, нийгмийн тэгш хүртээмжтэй, орчин үеийн технологи, инновацад тулгуурласан дэд бүтэц бүхий ухаалаг, ногоон, тогтвортой үзэл баримтлал, шийдлээр төлөвлөж хөгжүүлэхэд шаардлагатай цогц бодлогыг тодорхойлж, тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдэх талаар хэлэлцэн, гадаад улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Хот байгуулалтын форум-2024”-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр (ХАБИТАТ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран (2024.12.12) зохион байгууллаа.

Эл форумыг нээх үеэрээ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Хотжилтын хөтөлбөрийн 2020-2024 оны хэрэгжилтийн үндэсний тайланг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 2025 онд танилцуулахаар ажиллаж байна. Хот, суурин газрыг дахин төлөвлөн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, 150 мянган айлын орон сууцын хөтөлбөрийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлж, ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхүүдэд олгож, нийтийн болон амины орон сууц барих, хот байгуулалт, барилга, газрын талаарх холбогдох хуулийн уялдааг сайжруулж, төлөвлөлтөд суурилсан хот байгуулалтын тогтолцоо бий болгон, хотын ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрөл олгох зэргийг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй Улаанбаатарыг цаашид зөв төлөвлөлтөд оруулж, хот төлөвлөлтийн алдааг богино хугацаанд засахын сацуу шинэ хот байгуулах шаардлагатай. Шинэ хотуудыг анхнаас нь хүнд ээлтэй, ямар ч алдаагүйгээр барихад анхаарна” хэмээн онцоллоо. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нэг сар гаруйн өмнө орон сууцжуулалтын бодлогоо тодорхойлсон. Тэгвэл өдгөө хот байгуулалтын бодлогоо тодорхойлж байгаа юм.

“Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулсан энэхүү форумын эхний илтгэлийг НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөрийн (ХАБИТАТ) Монголын салбарын менежер Ш.Энхцэцэг тавьсан. Тэрбээр “Дэлхий эрчимтэй хотжиж байна. 1970 оны байдлаар улс орнуудын хүн амын 37 хувь нь хотод амьдарч байсан бол 2030 онд эл тоо 60-д хүрэх тооцоо бий. Агаарын бохирдол зөвхөн том хотуудын асуудал байхаа больж, Монгол Улс болон Зүүн өмнөд Азийн орнуудын хотуудын агаарын чанар маш их муудсан. Тогтвортой хөгжлийн бүх зорилгыг хот суурингийн хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх нь чухал байна.

НҮБ-аас тухайн газарт амьдарч байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж хот байгуулалтад оролцох ёстой гэж үздэг. Миний амьдарч буй орчныг миний оролцоотойгоор төлөвлөж, хэлэлцэж, зөвшилцсөн төлөвлөлт илүү амжилттай болно хэмээн үздэг. Тухайн газар, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг тэнд амьдарч байгаа хүмүүс л хамгийн сайн мэднэ шүү дээ. Манай хөтөлбөрийн зүгээс суурьшлын төлөвлөлтийг ихэвчлэн тухайн газарт амьдарч буй газрынх нь иргэдтэй зөвшилцөж, хамтарч төлөвлөөд, дараа нь бас хамтарч хэрэгжүүлэх зарчим баримтлах нь зүйтэй гэсэн зөвлөмж өгдөг. Зөвхөн төр төвтэй байснаас хүн төвтэй системийг байгуулбал илүү таатай, амьдрахад ээлтэй хот болно” гэж тодотгов.

НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөр нь дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тус хөтөлбөрийн зүгээс газар ашиглалтыг зөв төлөвлөх нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эмзэг байдлыг бууруулах, албан бус суурьшил үүсэхээс сэргийлж, төлөвлөлтийг илүү аюулгүй газарт чиглүүлж дэд бүтцээр хангах зэрэгт анхаарах хэрэгтэйг сануулж буй. Түүнчлэн жимс, ногооны хаягдлаар компост бордоо хийж сурснаар хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал, гэр, байшингаа дулаалж, дулаан хэмнэх байдлаар нүүрсхүчлийн хийг бууруулах боломжтойг дурдаж байлаа.

Форумын үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот”-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэсэн. Тэрбээр “20 минутын хот” үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулж байна. Сүүлийн 30 гаруй жил төр засаг, дарга төвтэй, дээрээс доош чиглэсэн хот төлөвлөлтийн тогтолцоотой явж ирсэн. Ийм тогтолцоотой байх нь тухайн хороо, сум, багт амьдарч буй хүмүүст шаардлагатай хэрэгцээг нэг дор хүргэх боломжгүйд хүргэдэг.

“20 минутын хот”-ын үзэл баримтлал нь хүн төвтэй, хүндээ ээлтэй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсдог, тэдний хүсэл, хэрэгцээнд тулгуурлан хотоо төлөвлөдөг болоход чиглэж, нэгдсэн төлөвлөлтийн бодлогод шилжихэд анхаарна.  Хоёрдугаарт, төлөвлөлтдөө суурилсан төсвийн хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх тогтолцоонд шилжих ёстой” хэмээн тодотгов. Одоогоор боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж, нийтийн тээврийн зогсоол зэргийг тэргүүн ээлжид тавьж буй бөгөөд үзэл баримтлалын төсөлд санал авах явцад эцэслэх юм.

“Улаанбаатар 2040: Амьдрахад таатай хот” сэдвээр илтгэх үеэрээ Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын хүн ам 2023 оны байдлаар 1.6 сая байсан.  2040 онд дээрх тоог хоёр саяд “барина” гэсэн төлөвлөлттэйгөөр ажиллаж байна.

Харин дагуул хот, тосгодын хүн амын тоог нэмэх байдлаар хот төлөвлөх юм. 2020 онд дагуул хотод 140 мянга гаруй иргэн байсан бол 2040 онд дөрөв дахин нэмнэ гэж төлөвлөөд байна” гэв.

Хотын замбарагаагүй газар олголт болон тэлэлтээс болж үүссэн гэр хорооллыг хязгаарлах бүсийг тодорхойлсныг тэрбээр дурдлаа.  Ташрамд дурдахад, “Улаанбаатар 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааг 2017-2018 онд хийсэн билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын орчны эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Алтанзагас “Хотжилттой холбоотой эрүүл мэндийн асуудлууд” сэдвээр илтгэсэн. Тэрбээр “Иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдал бол аливаа хотын хамгийн чухал хөрөнгө. Гэвч энэ нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхий дээр найман тэрбум хүн амьдарч байгаагийн талаас илүү буюу 4.2 тэрбум нь эрүүл мэндийн шаардлага хангасан орон сууц, тээврийн хэрэгсэл, ариун цэврийн байгууламжаар хангагдаагүй, хог хаягдлын менежмент муу, агаарын чанар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс давсан нөхцөлд амьдарч байгаа. Иймээс хот төлөвлөлтөд эрүүл мэндийн асуудлыг онцгойлон авч үзэх нь чухал юм” хэмээн өгүүлэв.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр “Эрүүл хот ба нийгмийн эрүүл мэндийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус “Эрүүл мэндээ эмнэлгээс бус, гэр, гудамж, сургууль, супермаркет, ажлын байр болон парламентаас хай. Эрүүл мэндээ амьсгалах агаар, идэх хоол, уух ус, ажил, амьдралын нөхцөл, цаг уурын өөрчлөлтөөс хай” гэж хэлсэнтэй санал нэг байна.

Монгол Улсад зүрх, судасны өвчин, хавдрын өвчлөл ихээхэн нэмэгдсэн. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь агаарын бохирдол. Үер, усны гамшгаас болж халдварт өвчин ч ихсэж байна. Эрүүл мэндийн бүхий л асуудал хот төлөвлөлттэй холбогдоно.

Бид нүдэнд харагдаж байгаа гадаад орчны бохирдлыг л яриад байна. Дэлхийд жилд 4.2 сая хүн гадаад орчны бохирдлоос шалтгаалж нас барж байна. Үүнтэй ойролцоо тооны хүн ч дотоод орчны агаарын бохирдлоос болж нас барж байгаа гэх статистик бий. Манайд бодлогын баримт бичиг хангалттай ч түүнийгээ хэрэгжүүлдэггүйд л асуудал байна. Хууль тогтоомжуудаа хэрэгжүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн асуудал бол хот төлөвлөлтийн салшгүй чухал хэсэг тул газрын, барилга барих зөвшөөрөл олгохоос авхуулаад анхаарах ёстой” гэж ярилаа.

Төр, орон нутгийн болон хувийн хэвшил, олон улс, төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, 21 аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, их, дээд сургууль, судалгаа, төлөвлөлтийн хүрээлэн, хот төлөвлөгч, архитектор, инженер, олон нийтийн гээд 200 гаруй төлөөлөл оролцсон “Хот байгуулалтын форум-2024”-ийн үеэр хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Энэ үеэр оролцогчдын зүгээс холбогдох мэргэжилтнүүдэд сонирхсон асуултаа тавьж, хариултаа авсан юм.

Үүнээс гадна форумын үеэр шинээр хот байгуулах төслүүд, НҮБ-ын Хүн амын нутагшилт, суурьшлын хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэн дэлгэж, оролцогчдод мэдээлэл өглөө. Мөн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) техник туслалцааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсад бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих төсөл”-ийг нээв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close