ЦХИХХЯ

Мэдээллийн технологийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасеновичийг /2024.10.28/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд БНКУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевийн айлчлалд манай улс өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ үеэр мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв.  

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Тэрбээр “Казахстан Улс нь бүс нутагтаа мэдээллийн технологийн том тоглогч болон гарч ирж байна. Монголчууд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хангалттай сайн түвшинд хийж гүйцэтгэсэн. Одоо бид дижитал эдийн засгийг хөгжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн хиймэл оюун, сансар, дроны хуулийн төслийг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг дуулгав. Үүний зэрэгцээ, Казахстан Улс дроны туршилтыг бүсийг хэрхэн бий болгосон чиглэлээр туршлага судлах чиг хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов.  

Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович

Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Мадиев Жаслан Хасенович: Казахстан Улс нь цахим хөгжилд маш их ач холбогдол өгч ажиллаж байна. Улс үндэстэн бүр хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн өнөө цагт амбицаа зарлалаа. Манай яам хиймэл оюуны чиглэлээр цаашид баримтлах 5 жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Тун удахгүй хиймэл оюун ухааны хуулийн төслөө өргөн барина. Хиймэл оюун ухааны стратегийн хувьд өндөр хүчин чадлын компьютерыг дотоод болон гадаадад бий болгох, энэ чиглэлээр мэргэшүүлэх онлайн болон танхимын сургалтууд, хакатон зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхлээд байна. 2025 онд 300 мянган хүнийг энэ чиглэлээр мэргэшүүлэхээр зорьж байна. Мөн стартапуудад зориулсан хиймэл оюуны ухааны судалгаа шинжилгээний лаборатори бүхий кампус байгуулахаар ажиллаж байгааг дуулгалаа.

Үүний зэрэгцээ, Казахстан Улсад дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг бөгөөд сансар судлалын чиглэлд олон улстай хамтран ажиллаж байна. Бид бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ онцлов.

Казахстан улс нь НҮБ-ын Цахим засаглалын индексээр 24 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Кибер аюулгүй байдал болон инновацын индексээр мөн ахиц дэвшил гаргасан байна. Мөн 2025 онд багтаан тус улсын 20 гаруй хотод 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа зэргийг онцоллоо.

Тус улс нь Азербайджан Улстай хамтран Каспийн тэнгисээр шилэн кабель дамжуулан интернэтийн урсгалыг сайжруулахаар зорьж байна. Ингэснээр Ази Европыг холбосон интернэт ачааллыг 20 хувиар бууруулна гэж тооцоолжээ.

Түүнчлэн Астана Хаб-д 1500 гаруй стартап компаниуд бойжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар жилдээ 600 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж байгаа бөгөөд 2026 онд гэхэд 1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлохоор төлөвлөж байгаа юм байна.

Астана Хаб нь Казахстан Улсын хэмжээнд 16 салбартай төдийгүй АНУ, Сингапур, Саудын Араб зэрэг улсуудад мөн өөрсдийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна.  

Талууд дээрх чиглэлүүдэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, өндөр түвшний айлчлалын хүрээнд санамж бичиг байгуулахаар тогтов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close