ОХУ

Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ

Халх голын ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулсан үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейд өнөөдөр нээлээ. 

Үзэсгэлэнд Халх голын байлдааны оршил, өрнөл, төгсгөл үе, тулалдааны нөхцөл байдлыг харуулсан 85 гэрэл зураг, 85 баримт дэлгэжээ. Мөн ОХУ-ын цэргийн архиваас урьд өмнө Монголын судалгаа сурталчилгаанд орж байгаагүй 40 гаруй баримтыг ч эндээс харж болно. Цаасан суурьтай баримтуудаас хошууч Н.Равдангийн эрхлэн гаргаж байсан “Эх орны төлөө” сонины дугааруудыг дэлгэсэн байна. 1939 оны Халх голын тулаан болон 1941-1945 оны Агуу эх орны дайн, чөлөөлөх тулаанд Оросын цэрэг, арми гол ялалтыг авчирсан. Энд монголчуудын, тухайн үеийн БНМАУ буюу Монгол Улсын оролцоо, үзүүлж ирсэн тусламжийг мөн үзэсгэлэнд тусгажээ.

Халх голын дайнд Дорнод аймгийн Баяндөл сумаас 16 эмэгтэй оролцож байсны нэг, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн юм. Өдгөө 100 настай тэрбээр сувилагч цэргээр очиж, галын цэгт үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэн Халх голын дайнд ард иргэдийн оролцоо ямар байсан талаар тусгаснаараа урьд өмнөх жилүүдийнхээс онцлог болж буйг Монгол цэргийн музейн сан хөмрөгийн ерөнхий шинжилгээний албаны дарга А.Ганганчимэг дурдлаа. Тус үзэсгэлэнг БХЯ, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Монголын цэргийн музей болон ОХУ-ын архивын агентлаг хамтран зохион байгуулж байна.

“Халх гол-85 жил” үзэсгэлэн есдүгээр сарын 16-ныг хүртэл нийтийн хүртээл болно. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close