Тамирчдын амжилтFocus

Карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авлаа

Практик буудлагын спортын карабины төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финланд улсын Оулу хотноо /2024.08.4-9/ боллоо. Нийт 130 гаруй улсад түгэн дэлгэрсэн практик буудлагын спорт нь 9 төрлийн зэвсэг ашигладаг бөгөөд аль нэг төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Карабин буюу урт бууны төрөл нь Ази тивд төдийлөн өргөн дэлгэрээгүй бөгөөд Европ болон Америк тивийн орнуудын дунд гол өрсөлдөөн өрнөдөг тус тэмцээнд 5 тивийн 35 орны 827 тамирчин 4 ангилалд, хүйс болон насны үечлэлээр хуваагдан цэц мэргэнээ сорьсон юм.

Карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 3 дахь удаагаа болж байгаа бөгөөд монголчууд өмнөх тэмцээнүүдээс 1 мөнгө, 4 хүрэл медаль цуглуулаад байсан. Энэ удаагийн тэмцээнд Монголын баг, тамирчид амжилтаа ахиулж 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авлаа. Тухайлбал:

  • Гар цэнэглэлттэй опен ангилалд спортын мастер Содномжамцын Дашдэмбэрэл түрүүлж алтан медаль,
  • Гар цэнэглэлттэй опен ангилалд багийн дүнгээр Монголын баг (спортын мастер С.Дашдэмбэрэл, спортын мастер Г.Наран-Очир, спортын мастер Э.Эрдэнэхалиу, олон улсын хэмжээний мастер Д.Энхбаатар нар) тэргүүлж алтан медаль,
  • Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд Наранбаатарын Ариг түрүүлж алтан медаль,
  • Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд Наранбаатарын Амир мөнгөн медаль,
  • Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд дэд мастер Алтангэрэлийн Цовоо удаалж хүрэл медаль,
  • Хагас авто стандарт ангилалд эмэгтэйчүүд дунд багийн дүнгээр Монголын баг (спортын мастер Р.Бямбасүрэн, спортын мастер Н.Одгэрэл, дэд мастер Ш.Оюун-Эрдэнэ, Ү. Халиун нар) хүрэл медаль тус тус хүртлээ.

Өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хүртсэн медалиудыг гар цэнэглэлттэй ангилалд авч байсан бөгөөд тус ангилалд Монголчууд амжилтаа ахиулж, хувийн болон багийн дүнгээр 2 алтан медаль хүртлээ.

Монголчуудын хувьд хагас авто стандарт ангилалд анх удаа медаль хүртсэн нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлог байв. Тэр тусмаа 18 хүртэлх насны өсвөрийн тамирчид маань 100%-ийн амжилт үзүүлж бүрэн багц медаль авсан нь бахдам амжилт юм. Тус ангилалд өсвөрийн тамирчдын баг бүрдээгүй учир дүрмийн дагуу багийн дүн тооцоогүй.

Нийт 6 хоног үргэлжилсэн, 30 дасгалаас бүрдсэн тус тэмцээнд хагас авто стандарт ангилалд өрсөлдсөн эрэгтэйчүүдийн баг (спортын мастер О.Энхболд, спортын мастер М.Батмөнх, спортын мастер М.Энхбаяр, спортын мастер О.Баттөгс нар) маань тэмцээний сүүлийн өдөр хүртэл медалийн төлөө ширүүн өрсөлдөж нийт 16 багаас 4-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Ялангуяа спортын мастер Отгонбаярын Энхболд хувийн дүнгээр 8-р байр эзэлсэн бөгөөд практик буудлагын аливаа тэмцээний төгсгөлд шилдэг 8 тамирчны дунд зохион байгуулдаг Shoot-Off буюу халз буудлагын уралдаанд өрсөлдөж дэлхийн аваргуудыг хожиж 2-р байр эзэлсэн нь тэмцээний бас нэг дуулиан болсон юм.

Эх сурвалж: Монголын Практик Буудлагын Холбоо

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close