Байгаль орчинWorld

Дэлхийн сав баглаа боодлын салбарынхан хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO)-ын Удирдах зөвлөлийн 111 дэх удаагийн хуралд Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны удирдлагууд амжилттай оролцлоо. Тус хурал нь Тайланд Улсын Бангкок хотноо 2024 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд болсон бөгөөд хуралд 29 орныг төлөөлөн Удирдах зөвлөлийн нийт 41 гишүүн оролцов. 

Дэлхийн сав баглаа боодлын байгууллага нь 1968 онд нийгэмлэг хэлбэрээр үүсэн байгуулагдсан, үндэсний болон бүс нутгийн сав баглаа боодлын хүрээлэн, холбоод, мэргэжлийн байгууллагууд, худалдааны холбоод зэрэг сонирхогч талуудыг нэгтгэсэн ашгийн бус, төрийн бус, олон улсын холбоо юм. Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо 2020 онд Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO)-ын гишүүнээр элссэн билээ.

Азийн бүсийн сав баглаа боодлын томоохон олон улсын үзэсгэлэнгүүдийн нэг болох “Propak Asia 2024” олон улсын үзэсгэлэн тус хурлын үеэр болсон бөгөөд нээлтийн ёслолд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын ерөнхийлөгч Лусиана Пеллегрино (Luciana Pellegrino) оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: “ProPak Asia 2024” олон улсын үзэсгэлэн нь бүс нутаг болон бусад улс орнуудын сав баглаа боодлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, инновацын чухал платформ болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

“Propak Asia 2024” олон улсын үзэсгэлэнгийн онцлох арга хэмжээнүүдийн нэг нь Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO), Азийн сав баглаа боодлын холбоо (APF), НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO) хамтран зохион байгуулсан Дугуй ширээний уулзалт байв. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Хүнсний аюулгүй байдал, хүнсний системийн хэлтсийн дарга Али Бадарне (Ali Badarneh) оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны Тэргүүн Б.Болдбаатар Удирдах зөвлөлийн хурал болон дугуй ширээний уулзалтаар засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд болон Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэлийн салбарын чухал асуудлуудыг хөндөж үг хэлэв.  

Мөн түүнчлэн Австралийн сав баглаа боодлын институтийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын сав баглаа боодлын салбарт сургалт хөгжил, мэргэжил арга зүйн тал дээр түлхүү хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close