МУХБFocus

Хөгжлийн банкны санхүүжүүлсэн эрчим хүчний төслүүд

Өнгөрсөн 7 хоногт Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийн нээлт боллоо. Уг төслийг Хөгжлийн банк санхүүжүүлсэн. Ер нь Хөгжлийн банк эрчим хүчний салбарт ямар төслүүдийг санхүүжүүлж байна вэ? 

Эрчим хүчний салбар дахь хувь нэмэр

Хөгжлийн банк нь томоохон төсөл хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны санхүүжилт олгох замаар шинээр хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдийг дэмжиж ирсэн. Дорнод аймаг дахь Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх төсөл л гэхэд нийт $81.9 саяын өртгөөр боссон аж. 

  • 73.3%: Уг төслийн нийт өртгийн 73.3%-ийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк $60 сая буюу ¥420 саяын санхүүжилтийг Хятадын Хөгжлийн банкны эх үүсвэрээр босгосон байна. Энэ төсөл нь Монголын  эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд Хөгжлийн банкны амжилттай хэрэгжсэн онцлох төслүүдийн нэг аж. 
  • Ач холбогдол: Түүнчлэн Чойбалсангийн ДЦС-ыг 50МВт-аар өргөтгөснөөр тус бүсийн 36 сумын айл өрх, 3,100 гаруй ААН болон уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг эрчим хүчээр тасралтгүй хангах боломж бүрдэнэ. Нэмээд Чойбалсан хотын 800 гаруй ААН, 6,000 гаруй өрхийг дулаанаар хангах аж.

Олон олон төсөл

Манай эрчим хүчний салбарт хэрэгцээтэй санхүүжилтүүд их бий. Сүүлд л гэхэд нийслэлийн хэмжээнд эрчим хүчинд ₮6.6 их наяд, сэргээгдэх эрчим хүчинд ₮720 тэрбум, дулаан хангамжид ₮1.4 их наяд зэргээр нийт ₮110.7 их наядын санхүүжилт шаардлагатай гэх тооцоолол гарсан. Энэ ч утгаараа Хөгжлийн банк өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэсэн хэд хэдэн төслийг санхүүжүүлж иржээ. Тодруулбал, 

  • +212.0 МВт: ДЦС-4 ТӨХК-ийн 123.0 МВт-н өргөтгөл, Турбоагрегат №1-4 шинэчлэл төсөл амжилттай хэрэгжжээ. ДЦС-4-ийн өргөтгөлд $59.7 саяын санхүүжилт олгосон бол Турбоагрегатынхд €77.5 саяыг зарцуулсан аж. Улмаар эрчим хүчний үйлдвэрлэл нийт 212.0 МВт-аар нэмэгдэж буй.
  • $75.9 сая = 1 станц: 2013-2015 онд $75.9 саяар Амгалан дулааны станц барих төслийг хэрэгжүүлсэн. Улмаар Амгалан дулааны станц нь 2021 онд Улаанбаатарын нийт дулааны эрчим хүчний хэрэглээний 10.9%-ийг хангажээ. Харин 2023 онд ₮42.7 тэрбум, 2024 онд ₮3.2 тэрбумын санхүүжилтээр уг станцыг 116 МВт-аар нэмж өргөтгөсөн аж. 

Эцэст нь… Хөгжлийн банкны зарим санхүүжилт зөв салбартаа зарцуулагдаж ажил хэрэг болж буй нь сайшаалтай. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг ч санхүүжүүлээд дорвитой үр дүн гаргавал ч…

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close