Онцлох

Оросын казакууд Монгол руу морин аяллыг эхлүүллээ

Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын Курган мужийн казакууд Монгол Улс руу морин аяллыг эхлүүлээд байна.

Тодруулбал, энэ дөрөвдүгээр сарын 27-ны өдөр буюу өнгөрсөн бямба гаригт морьтой аялагчид ОХУ-ын Курган хотоос замдаа гарлаа. Тэд нийт 4100 км замыг 135 хоногт туулж, ирэх  есдүгээр сард Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт хүндэтгэлийн цэцэг өргөснөөр Халх голын ялалтын ойд зориулсан морин аяллаа өндөрлүүлэх төлөвлөгөөтэй аж.

Морин аялагчдын санаачлан эхлүүлсэн ажил үйлсийг хүндэтгэж, Монголд “Мамбадацан” хийдийн тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор, гэвш, Д.Нацагдорж номын ерөөл айлдаж, Халх голын ялалтын баярын 85 жилийн ойд зориулсан энэхүү аяллыг хүндэтгэж буйгаа илэрхийлэв. Мөн аяллаа эхлүүлж буй үйл явдлыг Монгол, Орос хоёр улсад цахимаар шууд дамжуулж, зохион байгуулагчид харилцан мэдээлэл солилцож, хамба лам ном уншиж аян замыг нь ерөөсөн юм. Олон улсын морин аялагчдын багт Курган хотын казак иргэд болох Сергей Попов, Рустем Жига нар монгол, орос хоёр морьтой аялалын замдаа гарсан бол “Курган казак” нийгэмлэгийн гишүүн Юрий Лысенко машинтай дагалдаж, морины ус тэжээл, аялалын замд хэрэг болох ачаа тээшийг тээвэрлэж яваа аж.

Энэхүү арга хэмжээний үеэр “Мамбадацан” хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдоржийн сэтгэгдлийг авснаа хүргэж байна.

Д.Нацагдорж: Халхын голын дайны түүхийг бид мартаж болохгүй, хүндэтгэн дурсаж явах учиртай

Юуны өмнө Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын казакууд Монгол Улс руу морин аялал хийж байгаа тухай сонсоод, бахархаж хүндэтгэж хүлээж авлаа. Манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай, ах дүүгийн дотно сайхан нөхөрлөлтэй явж ирсэн. Мөн нөгөөтэйгүүр Монгол Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ой тохиож байна. Энэхүү ойг угтаад ийм эрэлхэг залуус морьтой холын зам туулж, Монгол эх оронд минь аялах гэж байгаад баяртай байна.  Би багадаа хөдөө морь унаж өссөн хүүхэд. Морин дэл дээр эр хүний хийморь сэргэж, монгол хүн бүр морио дээдэлж, хүндэтгэн дээдэлж ирсэн. Тиймээс морьтой аялагчдын энэ санаачлагыг дэмжиж, талархан хүлээн авч байна.

Мөн хүндэтгэн дурсах ёстой бас нэг зүйл нь, одоогоос 85 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон Халхын Голын дайн юм. Энэ хүнд хэцүү цаг үед Монгол-Оросын баатарлаг эрчүүд эх оронч сэтгэл, эр зоригоор Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан тэмцэж, энэ дайнд ялалт байгуулсан. Мөн түүхэндээ мартаж боломгүй их гарз хохиролыг амсаж, хэдэн мянган залуус халуун амиа өргөсөн билээ. Энэ түүхт үнэн, эх орны үнэ цэн, тусгаар тогтнол ямар их үнээр бидэнд олдсныг монголчууд бид үеийн үедээ санаж явах ёстой.

Мөн ирээдүй хойч үе, хүүхэд залуус маань энэ түүхэн ялалтыг мартаж болохгүй, хүндэтгэн дурсаж явах учиртай. Тиймээс өнөөдрийн энэ морьтой аялагчдын санаачлан зохион байгуулж буй аялалд чин сэтгэлээсээ бид залбирч эрүүл энх, сайн сайхныг хүсэж, саад тотгор бүхнийг арилгахын төлөө хичээнгүйлэн залбирч номын ерөөл өргөх болно. Сайн сайхныг хүсэн залбирч байх болно” гэв.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version