НийтлэлтеатрСурвалжлагаНийгэмОнцлохФото сурвалжлага

Чишш чимээгүй, юу ч бодох хэрэггүй . . .

Хүн өөрийн тархи оюундаа олон янзын бодол тээдэг. Тодруулбал, хүн өдөрт дунджаар 15,000–60,000 бодлыг боддог боловч үүний ердөө 7500-г нь л үйлдэл болон үгээр илэрхийлж амь оруулж байдаг.  Дээрх бодлуудын 80-н хувь нь сөрөг, 95-н хувь нь өчигдөр бодож байсан зүйлс байдаг хэмээн “USA national science foundation 2005” судалгаанд дурьдсан байна.

Биелж ажил хэрэг болсон ч бай, биелэхгүй мөрөөдөл болон үлдсэн ч бай, магадгүй тэрхэн зууртаа харван орж ирсэн ч өдөр тутмын үйл явдалдаа хөтлөгдөн арилж замрхан одох түмэн бодлыг тоочвол барагдашгүй их байх нь тодорхой. Гэвч зөвхөн таных гэж өмчилж, таны л тархинд байгаа гэж бодсон бодол чинь сонсогдож, зорилго хүсэл чинь алган дээр тавьсан мэт харагддаг болчихно гэвэл ямар санагдаж байна.

Миний л хувьд аймшигтай мэдрэмж. Таатай зүйлээ харж мэдэрч бодох, таагүй сэтгэгдэл үлдээсэн нэгнийг тухай дурсамж, магадгүй хэнд ч хэлж чадахгүй зөвхөн тантай л хамт үүрд хадгалах нууц тань ил болвол яах бол?

Хүн ямар орчинд яаж амьдарч, ажил мэргэжил  юу ч хийдэг байж болно, таны том хүн, хүүхэд байх нь ч хамаагүй зөвхөн өөрийн сэтгэл зүрхэн дэх мэдрэмж, тархин дахь бодол ЭРХ ЧӨЛӨӨ-тэй байх ёстой гэж би боддог.

Гэтэл таны бодлыг хэн дуртай нь уншиж, таны хүсэл зорилго, мөрөөдлийг үл тоон өөрийн хүслээр таны  амьдралыг жолоодоод эхэлвэл юу болох бол?

Өөрийгөө үгүйсгэж, өрөөлд үйлчилж, өөрийнхөө эсрэг, хуурамч дүр, худал инээдний ард түгжигдэж, юу ч бодохгүй гөлгөр, үг дуугүй тушаал биелүүлэгч хүн дүртэй РОБОТ болох биз ээ.

Хэт их итгэл үнэмшилд автаж, өөрийн бодолдоо эзэн болж, өөрөөрөө байж чадахгүй бусдыг аялдан дагалдаж, нэг хэвэнд цутгасан мэт урсгалаараа өдөр хоногийг өнгөрүүлж, ая тухтай таатай орчинд шигдэж, түүнийгээ өөрчлөхөөс айх айдастаа хөтлөгдөж, хийж бүтээж, сурч боловсорч, өсөж хөгжиж чадахгүй явсаар амьдралаа дуусгах нь тийм ч таатай биш тавилан гэлтэй.

Энэ бол ЭРХ ЧӨЛӨӨ гэдгийг үл мэдрэх, өөрийн амьдрал хувь заяандаа ЭЗЭН БАЙХ аз жаргалыг ухаарах сөхөөгүй явсаар дуусах гунигтай хувь заяа юм.

Бие сэтгэл, оюун бодолдоо эзэн нь байж бусдыг даган хошуурч, чанга дуугарсан бүхнийг ҮНЭН гэж итгэж, аливааг өөрийнхөө бодолдоо эхлээд сайн шүүн тунгаалгүй, харсан үзсэн бүхнээ шүүмжилж, юунд итгэхээ, юуг дагахаа ялгаж салгаж сурахгүй бол ТА ЗҮГЭЭР Л ХҮН СҮРЭГ болно.

Тэр ХҮН СҮРЭГ-ийг хаашаа хөдлөхийг хэн нэгэн “ТОМ АХ” үл үзэгдэх олсоор татаж, утсан хүүхэлдэйнүүдээр дуртай үлгэрээ тоглуулж, хүссэн хөгжмөө эгшиглүүлэх болно.

Бодож тунгааж, ялгаж салгаж, хувь тавилангаа өөрөө мэдэж, амьдралын сонголтоо өөрөө хийх боломжоо алдахгүйн тулд яг одооо та өөрт тань байгаа ЭРХ ЧӨЛӨӨ ямар их үнэ цэнэтэй чухал зүйл вэ гэдгийг ухаараасай.

“БОДОХ ЭРХ ЧӨЛӨӨ” ч үгүй ирээдүй таныг хүлээж байна гэдгийг сануулсан “1984” жүжиг үзсэн хэн бүхэнд ухааруулж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Хүн хойшоо ухарч биш, урагшаа тэмүүлж, зорьж амьдрах учиртай.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close