Нийгэм

1991 оноос өмнөх статистик мэдээллүүдийг 1212.mn-д байршуулжээ

Үндэсний Статистикийн Хорооноос түүхэн статистик үзүүлэлтүүдийг баяжуулж хэрэглэгчдэд хялбар байдлаар хүргэх зорилтын хүрээнд “Түүхэн статистик” буланг www.1212.mn веб сайтад нээжээ. 

Монгол Улсын хүн ам, малын тоо гэх мэт цөөн тооны статистик мэдээллээс бусад мэдээллийг 1990-ээд оноос хойш буюу Монгол Улс зах зээлийн системд шилжиж, ОУВС болон НҮБ-ын гаргасан аргачлалын дагуу мэдээллээ боловсруулж эхэлсэн үеэс нэгтгэн хэрэглэгчдэд хүргэсэн байдаг. Тэгвэл “Түүхэн статистик” цэсээр дамжуулан 1991 оноос өмнөх хугацааны буюу 1949-1991 оны 45 эмхэтгэл, 1921 оноос 1991 он хүртэл статистикийн 105 хүснэгтийг хэрэглэгчид шууд татан авах боломжтой болж байна.

Эдгээр мэдээлэл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын олон жилийн түүхэн статистик тоон мэдээллийн цувааг бий болгох, судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

“Түүхэн статистик” булангийн нээлтийн үеэр эдийн засагч, судлаач, шинжээч нарын зүгээс ач холбогдол нь зөвхөн судалгаа, шинжилгээний ажлаар хязгаарлагдахгүй гэдгийг тодотгож байлаа.

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Монголчууд бид харьцангуй ойрын түүхээ бодитоор мэддэггүй, үнэлж чаддаггүй, түүхийг янз бүрийн өнгө будагтай ярьдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэнийг олж харах боломж бүхий мэдээллийг эмхэлж, цэгцэлсэн нь хамгийн том давуу тал.

Аливаа улс орны статистикийн байгууллага цэгцтэй, бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангах үүрэгтэй байдаг бол судлаач бид тухайн статистикийн мэдээлэлд суурилж эдийн засаг, нийгмийн асуудлуудын мөн чанар, учир шалтгааныг илүү нарийн дүн шинжилгээтэй тодруулахыг зорьдог. Тиймээс энэ хүрээнд тодорхой дэвшил гарна гэж харж байна” гэсэн юм.

Түүнчлэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми “Судлаачдын хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол баталгаатай эх сурвалж. Судалгаагаа агуулгын хүрээнд өргөжүүлэх, нарийвчлах, олон түвшний судалгаа хийх боломжуудыг бүрдүүлж байгаа нь “Түүхэн статистик” булангийн нэгэн давуу тал. Ялангуяа энэ бүх мэдээллийг цахимаар авах боломж бүрдсэнд олзуурхаж байна” хэмээн онцоллоо гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close