РЦНКОХУ

РЦНК хаврын баяраа тэмдэглэв

Оросын ард түмэн эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн өвлийг үдэж, хаврыг угтдаг “Масленица” буюу “Шар тосны баяр”-ыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн /РЦНК/ хамт олон /2024.03.17/ зохион байгууллаа.

Энэ жилийн “Шар тосны баяр”-ын томоохон шагналын сантай сугалааны Ерөнхий ивээн тэтгэгчээр Оросын “Монретранс” компани ажиллажээ. Мөн Яшкино, Газпромбанк, Газопровод Союз банк, Йодис баланс, Seezam, Лира ресторан, Улаанбаатар дахь Русский Домын дэргэдэх уран бүтээлийн студиуд болох Pro театр, Suvdaa dance school, Pro be драмын дугуйлан, Amarkhuu Vocal school, “Путь таланта” гар урлалын дугуйлан, Bachata dance school, Zazama’s зургийн дугуйлан хамтран оролцсон юм. “Шар тосны баяр”-т уригдсан 1500 гаруй зочин, төлөөгчийн дунд сугалаа зохион байгуулж, 50 хүн хонжворын эзнээр тодорчээ. Тодруулбал, тоос сорогч, шарах шүгээнээс эхлээд ноолууран ороолт, буузны жигнүүр, амттаны цуглуулга, Русский Домын дэргэдэх уран бүтээлийн студид суралцах эрхийн бичиг зэрэг 50 нэр төрлийн бэлэг эзэндээ очсон байна.

Түүнчлэн олон улс, Бүх Оросын наадам, уралдаануудын шагналт Красноярскийн хязгаарын Курагины дүүргийн уран бүтээлчид “Өвлийн үдэлт” театрчилсан тоглолтоо үзүүллээ. Энэхүү тоглолт хаврын баярын нэгэн чимэг байсан юм. Мөн дуу бүжгийн “Метелица” чуулга Монголын иргэдэд өөрсдийн уран бүтээлээр бэлэг барилаа. Оросын ард түмний түүх, соёл, язгуур урлаг, эртний ёс заншилд хандах эх орон нэгтнүүдийн сонирхлыг сэргээн төлөвшүүлэхэд энэхүү тоглолт чухал үүрэгтэй. Мөн Монголын орчин үеийн залууст Орос үндэстний соёлд суралцах боломжийг олгодог аж.

Дуу бүжгийн “Метелица” ардын чуулга бол ардын урлагийн олон улс, бүх холбоотын, бүх Оросын хийгээд хязгаарын уралдаан тэмцээний шагналт, ЗХУ-ын ВДНХ-ийн шагналт байгууллага юм. Уг чуулга нь олны хайрыг хүндэтгэлийг хүртэж, тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг нь уран бүтээлчдийн амжилтын нууц. “Метелица” чуулгын урын санд ардын дуу бүжиг, зохиолын бүтээл, дуу бүжгийн зохиомж ордог бөгөөд жил бүр 60 гаруй тоглолт хийдэг. Тухайлбал, Румын, Болгар, Словени, Испани, Турк, Хятад, Новокузнецк, Москва, Кривой Рог, Ташкент, Ашхабад хотууд, Алтайн хязгаар, Челябинск, Иркутск, Новосибирск зэрэг муж  болон Красноярскийн хязгаарын бүх нутаг дэвсгэрт тоглолтоо хийж байсан аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close