Урлаг спорт

Б.Гангаамаа: Спорт авиралтын “Хаан уул” Монголынх боллоо

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа өнөөдөр  Дэлхийн хоёр дахь ноён оргил К2 /8611 м/ ууланд хийсэн авиралтынхаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Одоогоос хоёр сарын өмнө К2 оргил руу авиралт хийхээр эх орноосоо мордож байсан бол ингээд зорилгоо амжилттай биелүүлээд уулзаж байгаадаа баяртай байна. Пакистаны К2 уулын оргилд 31 уулчны хамт авиралт хийж, хамгийн олон хүн авирсан дээд амжилт тогтоолоо.

К2 уулын авиралт нь Дэлхийн хэмжээнд жилд нэг л удаа болдог уулчдын хүсэл мөрөөдөл, амжилтын биелэл болсон уул юм. Эверестэд  хавар, К2-т зун авирдаг. 1954 оноос хойш өнөөдрийг  хүртэл К2 ууланд 337 хүн авирсан байдаг. 2012, 2018 онд хамгийн олон хүн оргилд гарсан жил боллоо гэсэн.

Бид 4 том баг бүрэлдэхүүн, 2 жижиг багт хуваагдсан. Манай багийн хувьд 8 орны 10 уулчин 7 сарын 21-ны өдөр Пакистаны цагаар өглөөний 07:30-08:30 цагийн хооронд амжилттай гарсан. Манай баг 2 Япон, 2 Хятад,  1 монгол, 1 Бельги, 1 Швейцари,  1 Ирланд, 1 Мексик, 1 Непал гэсэн  бүрэлдэхүүнтэй байсан. Багийн маань  анхдагчид байсан. Тодруулбал, К2 уулын оргилд гарсан анхны Белги, анхны Швейцари, анхны Ирланд, анхны Латин америк буюу анхны Мексик эмэгтэй, анхны Монгол болсон. Өмнө нь нэг Ирланд оргилд гарсан ч бууж ирээгүй юм билээ.

Монголоос анх VI сарын 14-ны өдөр гараад 18-нд уулруу явж, 26 нд хормойд нь очиж хэд хоног амраад 29 -ний өдрөөс өндрийн авиралтаа хийсэн. Өндрийн авиралт хийх явцдаа 6000м дээр очиж 2 хоног амарсан. 6800м- д очиж 1 хоног амраад өндрийн амралт хийсэн. Белги Улсын уулчин бид хоёроос бусад нь бэлтгэл  болгож Еверест, Лоцей,  Монеслу, Кончинчунга -д 5 сард авирчихаад К2 т ирсэн хүмүүс юм билээ.

Тэдний бэлтгэлийг сонсоод шууд л айж, Эльбрус явж л бэлтгэл хийсэн гэж өөрийгөө чамласан ч гэлээ авиралтын явцад биеийн байдал маш сайн байсан тул оргил дээр гарах эрмэлзэл дүүрэн байсан. Гэтэл “3 дугаар кемп дээр цаг агаар таагүй боллоо. Буц” гэсэн команд ирсэн. Үнэндээ энэ бол хамгийн хар мэдээ байсан. Командын дагуу Швейцари, Ирландийн авирагчид буух бэлтгэлээ хийсэн байсан. Гэтэл 14 оргилийн 11-ийг эзэлсэн туршлагтай уулчин  миний Норбу ширпа “Гангаа түр байж бай. Би дээшээ гараад байдлыг мэдээд ирье” гээд хоёр ширпатай хамт 4 дүгээр камп явсан.

Тэд бууж ирээд “Ямар ч асуудалгүй явна” гэсэн шийдвэр гаргаад хамгийн түрүүнд надаас “Гангаа чи буухыг хүсэж байна уу, дээшээ гарахыг хүсэж байна уу” гэж асуусан.  Би тэр үед “Юун буух. Би дээшээ л зөвхөн явна” гэж хэлсэн. Ингээд тэд буух гэсэн  хүмүүст тайлбарлаж, “Цасны хэмжээ 1 метр байна. Дээшлэх тусам цас хатуурна. Гэхдээ бид аюулгүй гаргаж чадна” гэж тойлбарлаад 4 дүгээр камп рүү авирсан. Маргааш өдөр нь бид кемпдээ очоод орой нь 19:00-20:30 цагт багууд авирсан.

Олсны баг өдөржин шөнөжин ажиллаад 20-ны оройгоос авиралтаа эхлүүлж,  21-ний өдөр Пакистаны цагаар 07:30, манай цагаар 10:30д оргил дээр гарсан.

Авиралт дуусаад буух үед битүү цас орж эхэлсэн. Оргил дээрээс буухдаа аюулгүй байдлаа бодоод 4 дүгээр кемп дээр хоносон. Энэ авиралт маань олон жилийн хүсэл мөрөөдөл минь байсан. 2005 онд анх Эверэстэд Монгол хүн гарсны дараа Спорт авиралтын “Хаан уул” К2-т гарахыг мөрөөдөж ирсэн.  Энэ мөрөөдөл олон жилийн дараа, 3 удаагийн оролдлого хийж байж биеллээ. К2 Монголынх боллоо. Энэ уул бол  дэлхийн уулчдын маш том сорилт. Олон улсын хөтөлбөрийн дагуу бэлдэж хийдэг  авиралт байгаа.

Нөгөө талаар Пакистаны К2 уул нь дэлхийн хамгийн хүнд уул гэгддэг. Дэлхийн 8000 м дээш 14 оргил байдаг. Эхнийх нь Эверест, удаах нь  К2. 64 жилийн түүхэнд 337 хүн авирсанаас 64 нь эргэж ирээгүй. 3 дугаар кемпээс дээш хадаар авирдаг.  Бууна гэдэг нь маш том шалгуур. Уулчин хүн эсэн мэнд буух нь хамгийн чухал байдаг. Дэлхийд энэ ууланд 18 нь эмэгтэй авирсан байсдаг. Энэ жилийнх нэмэгдээд 20 гаруй хүн болж байгаа юм билээ.

Хамгийн гол нэг зүйл бол тамирчин хүн бэлтгэл сургуулилтаа л хийх ёстой. Тиймээс тамирчин хүн ямар нэгэн арын алба, ард ажиллах бага ивээн тэтгэлэггүй бол амжилт гарахгүй. Намайг дэмжиж тусалсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Уулын спортын холбоод, Ивээн тэтгэгчид, ар гэр, найз нөхдийн тусламж дэмжлэг спортын амжилтын минь ард бичигддэг.

Ерөнхий ивээн тэтгэгчээр Ц.Баатарсайхан захиралтай Таванбогд группын хамт олонд чин сэтгэлээсээ “Баярлалаа” гэж хэлмээр байна.  Хаан банк, Говь компани, Улаанбаатар гурил” ХК-ийн ивээн тэтгэлэгийн хүчээр амжилттай авираад ирлээ. “Маш их баярлалаа” гэж албан ёсоор хэлмээр байна. Бэлтгэлээ хийгээд явж байхдаа “Спонсороо яах вэ”, “30-40 мянган ам.доллараа яах вэ” гэж толгойн өвчин болж байсан ч бүх зүйл сайхан бүтсэн. БТСГ Пакистанруу “Монгол хүн авирна” гэж  анхны зөвшөөрлийг шийдэж 5300 ам.долларыг шилжүүлсэнд маш их талархааж байна” хэмээн онцолсон юм.

“Дараагийн төлөвлөгөө ямар байгаа вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “  Одоохондоо нууц байлгая. Төлөвлөгөөний хувьд  өмнөд хойдд туйлын экспедиц байгуулахаар ярьсан. Дэлхийн 14 оргилыг их 8000, бага 8000 гэж ялгадаг юм байна. Уулчид их 8000 м оргил болох Эверест, К2, Канчинжунга, Лоцей, Макалу руу авирах зорилт тавьдаг юм байна. Намайг сая авиралт хийгээд буух үед “Хамгийн хүнд хэцүү 2-ийг нь давчихлаа. 14-ын төлөө явж байгаа юм байна шүүдээ” гэж байсан. Маш их цаг хугацаа мөнгө хэрэгтэй гэж хариулсан” гэв.

“Дэлхийн өндөр ууланд авирч, буухын ач холбогдол” гэсэн асуултад хариулахдаа К2 уулын оргилд гарахыг Монголчууд хэдэн жил мөрөөдлөө, хэдэн жил ярьсан билээ. Хэн ч байсан авираад гарчихвал хүлээн зөвшөөрөгдөнө гэж байсан. Бид Монгол улс уулын авиралтаар амжилттай яваа гэдгээ баталсан. Намайг япон гэж харж байсан ч “Би Монгол хүн” гэж хэлэхээр бахархаж, гайхаж байсан. Энэ бол маш сайн сурталчилгаа. Бүх орны уулчид бүгд “Монгол” гэж мэдэж байгаа. Тэд нутагтаа очоод “Нэг Монгол хамт авирсан гэж сурталчилж яваа. Оргилоос бууж ирэхэд миний нэр эхний 5 –д бичигдээд ард нь Монголын минь далбаа байхад үнэхээр омогшиж байсан” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд тэрбээр “Тамирчин хүн байнгын бэлтгэл сургуулилттай байх ёстой. Миний бэлтгэл хийдэг газар бол Таван богд. 18-наас жуулчдийг аваад Таван богд руу авирна. Нэг талаара ажилаа нөгөө талаараа бэлтгэлээ хийх юм” гээд К2 уул руу авч төрийн далбаанаа БТСГ-таа хүлээлгэж өгье. Монгол улсын төрийн далбаа маань нилээн гандсан байгаа болов уу. Салхи, цасанд дарагдаад. Төрийн минь сүлд мөнхөд өршөөж яваг ээ” хэмээн хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн юм.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

5 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
mandah
mandah
5 Жил

saihan bainaa ulam amjilt

Зочин
Зочин
5 Жил

Монголоо үүрч дүүрч дэлхийн ууланд гарсан Гангаамаадаа баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе өө.

Зочин
Зочин
5 Жил

ӨӨ БРАВО ЭНЭ ТАМИРЧИНД БАЙР МАШИН ӨГӨӨЧЭЭ. МАХАН БӨМБӨГНҮҮДИЙН ХАЖУУД ЭНЭ ХҮН БААТАР. БАТҮҮЛ ЛУЙВАРЧИНГИЙН ХАЖУУД ЭНЭ ТАМИРЧИН БААТАР БАЯР ХҮРГЭЕ МОНГОЛЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙД МАНДУУЛСАН МУНДАГ ЭМЭГТЭЙ

Зочин
Зочин
5 Жил

Таны амжилтаар Монгол эх орон,ард түмэн чинь бахархаж байнаа.

мундаг
мундаг
5 Жил

Таныг хүндэлж явъя.

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
Close