Боловсрол

Монгол дохионы хэлмэрч мэргэжлээр 20 хүн төгслөө

2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургуульд “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр 20 иргэн 2 жилийн хугацаатай суралцан төгсөж /2024.03.15/ мэргэжлийн үнэмлэхээ авч байна.

Хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа анхны төгсөгчдөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Сонсголгүй хүний эрхийг хангах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход мэргэжлийн дохионы хэлмэрчийн зайлшгүй шаардлага байнга тулгарч байдаг. Монгол дохионы хэлмэрч бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага ч эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх Сургалтын хөтөлбөрийг СЗСҮТ-ийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургууль, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ, Сонсголгүйн боловсрол ТББ, Тэгш тусгал ТББ, Сонсголгүй иргэдийн ТББ, Диф клуб, 29-р тусгай сургууль, сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй хамтран боловсруулсан юм.

Тус хөтөлбөрөөр 2 жилийн хугацаатай “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлээр монгол дохионы хэлний орчуулагч, тусгай сургуулийн багш, ажилтан, орон нутгийн ХБИ-ийн холбооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд зэрэг нийт 20 иргэн хамрагдан суралцлаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close