СЕХFocusШинэ мэдээ

Сонгуулийн үйл ажиллагааг сурталчилах, хяналт тавих талаар мэдээлэл өгөв

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын ээлжит уулзалт өнөөдөр (2024.03.12) Сонгуулийн ерөнхий хороонд боллоо. Энэ удаагийн уулзалтаар сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явц болон сурталчилгаа явуулах, нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар холбогдох албан тушаалтнууд сэтгүүлч, судлаачдад мэдээлэл өгч, санал солилцов.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Мэдээллийн технологийн төвийн захирал Л.Лхамжав нар сэтгүүлчдийн асуултын дагуу холбогдох мэдээлэл өглөө.

“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”, “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын онцлох зохицуулалт, анхаарах асуудлын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Э.Золбаяр, ахлах мэргэжилтэн П.Золбоо нар танилцуулга хийв.

Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо, анхаарах асуудлын талаар Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал мэдээлэл өглөө.

Уулзалтын төгсгөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, цахим орчинд сурталчилгаа явуулах болон гадаадад суугаа, байнга оршин суух хаягаасаа өөр газарт ажиллаж байгаа иргэдийн санал авах зохицуулалтын талаар сэтгүүлчид холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

“Сонгуулийн боловсрол” клубын энэ удаагийн уулзалтад 70 гаруй сэтгүүлч оролцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close