ЯрилцлагаОБЕГ

Б.Тэгшжаргал: Сэтгэлийн амар амгалан бол хамгийн том “диваажин”

“Онцгой мэдээ” сонины “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын дэргэдэх 179 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч,  хошууч  Б.Тэгшжаргалыг урилаа. Тэрбээр 2012 оноос хойш Онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, спортын хорооны нягтлан бодогчоор томилогдсоноос хойш Хангалт үйлчилгээний анги,  Давтан сургалт, сэргээн заслын төв,  Үндэсний аврах бригад,  Обьект-03 нөөцийн салбарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2021 оноос 179 дүгээр ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм.  Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч, менежер мэргэжлээр бакалавр, 2007 онд МУИС-ийг бизнесийн ухааны магистр, 2018 онд Удирдлагын академи удирдахуйн ухааны сургуулийг төрийн захиргааны менежмент  мэргэшүүлэх сургалтыг суралцаж төгссөн.

 -Өөрийгөө солонгын 7 өнгөнөөс аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

-Ногоон өнгөтэй зүйрлэнэ. Ногоон өнгө нь газар дэлхийг бэлгэддэг бөгөөд санаа сэтгэлийн амар амгалан байдал, хүнд итгэл төрүүлдэг. Миний зан чанар, ерөнхий төлөв тайван энэ өнгөтэй илүү зохицдог.

-Хүний хүсэл, сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу?

-Өндрөөс айдаг. Гэхдээ энэ айдсаа даван туулж, задгай салхийг мэдэрч, шүхрээр буухыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө 2023 онд Өмнөд Солонгос улсын Даньяан хотод Параглейдерийн спорт уулын шүхрээр бууж биелүүлсэн. Өндөрт дүүлэн нисэж байгаа шувууд шиг эрх чөлөөтэй, уужим сайхан мэдрэмжийг мэдэрсэн.  Сүүлийн үед уулын спортыг сонирхож, чөлөөт цагаараа хичээллэхээр төлөвлөж байна.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

-Нас, насны онцлогоо дагаад хүн бүрт өөр, өөр дурсамж, сургамж бас ухаарлыг өгдөг гэж ойлгодог. Хүүхэд байхдаа эмч болох мөрөөдөлтэй байлаа. Мэргэжил сонгохдоо ирээдүйн амьдралаа бодож, хариуцлагаа ухамсарласан ч юмуу эдийн засагчийн мэргэжлийг сонгосон. Зөв сонголт байсан учраас Онцгой байдлын алба хаагч болж, хөх, цэнхэр өнгөтэй албаны хувцсаараа гоёж явна даа.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?

-Үүрэг, даалгавар өгөхийг хүлээх биш хүн өөрөө ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, санаачлагатай байх нь амжилтанд хүргэдэг гэж боддог. Бидний хэрхэн амьдрах нь таны гаргаж байгаа шийдвэрийн үр дүн гэдэгтэй санал нийлдэг. Амжилт бол гаргасан шийдвэр, амьдралаа бүтээж байгаа үнэ цэнийг харуулдаг гэж ойлгодог.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

-Үнэхээр нүдээ олсон магтаал хүний урам зоригийг бадраадаг. Шударга шүүмжлэлээр хурцлагдах ч бас зүгээр.  Аль, аль нь л урам өгч, урагшлах хүч болдог. Аливаа зүйлийн тун нь таарах нь өөрөө  сайхан шүү дээ.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

-Хүн өөрөө л мэдэрч чадвал аз жаргалыг холоос хайх хэрэггүй. Сэтгэлийн амар амгалан бол хамгийн том “диваажин”. Аз жаргал хүн бүр өөр, өөрөөр мэдэрч, хүлээн авдаг байх.

-Таны бахархал?

-Бусдын халуун амийг аварч бусдад амьдрал хайрлаж байдаг Онцгой байдлын алба хаагчдаараа, тэр дундаа эмэгтэй алба хаагчдаараа бахархдаг. Мэргэжилдээ эзэн болж байгаа хэн бүхнээр бахархдаг шүү. Миний бие 2016 оноос хойш Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн жагсаалд хамгийн тэргүүний гэгддэг Онцгой байдлын албаны эмэгтэй хайрцагт өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа минь хамгийн том бахархал.

-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

-Охиныхоо хүсэл мөрөөдлийг дэмждэг, итгэлт найз нь байхыг хүсдэг. Тийм болохоор үр хүүхдэдээ хайр энхрийллийг өгөх ээж хүн гэж тодорхойлж болно. Мөн аавын сайн охин, ханьдаа халамжтай эхнэр, эгч, ах, дүүсийнхээ түшиг нь, найз нөхөддөө итгэлт анд нь байхын төлөө хичээж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close