Хууль эрх зүй

Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Прокурорын байгууллагаас сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд эсэргүүцэл бичиж, шийдвэрлэгдсэн байдлыг тоймлон хүргэе.

1. Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэрэг.

Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн. Хурал 2024.03.07-ны өдөр зарлагдсан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын дарга Д.Ганзориг нарт холбогдох хэрэг.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.10.24-нд хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн бөгөөд хурал 2024.03.06-ны өдөр зарлагдсан.

3. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нарын хэрэг.

Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024.01.17-нд хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон байна.

4. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Батмөнх нарт холбогдох хэрэг.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.09.15-нд хэргийг хэлэлцэж, Т.Батмөнхийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос үүнийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичжээ. Тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр болсон.

5. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэрэг.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.09-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийн зарим заалтыг хүлээн авсан боловч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

6. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын авто замын шалган нэвтрүүлэх заставын хангалтын эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Д.Хуяг-Очир нарын 24 хүнд холбогдох хэрэг.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023.11.06-нд  хэлэлцэж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн боловч тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Тиймээс прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд 2024.03.04-нд эсэргүүцэл бичиж хүргүүлжээ.

7. Д.Кёкшүюзанбатбаяр нарт холбогдох хэрэг.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023.12.01-ний өдөр хурал зарлагдсан боловч хойшилжээ.

8. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарт холбогдох хэрэг.

Шувуу ажиллагааны хүрээнд авчирсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.03-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан.  Прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж 2024.03.06-нд хүргүүлжээ.

9. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.Магнай нарт холбогдох хэрэг.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024.01.12-нд хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос үүнийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2024.02.06 хүргүүлсэн,одоогоор хурал ороогүй байгаа аж.

Эх сурвалж: УЕПГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close