Улс төрОнцлох

Democratic Transformation: Бид ингэж амьдарна гэж тохироогүй

“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб”-ээс зохион байгуулсан өглөөний уулзалтад Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн төлөөлөл болох Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат, М.Чимэддорж,  улс төр судлаач Х.Номингэрэл нар оролцож, өөрсдийн өрнүүлж буй  Democratic Transformation хөдөлгөөнийхөө талаар мэдээлэл өглөө.  Тэдний байр суурийг та бүхэнд хүргэе.

Прокурор Г.Эрдэнэбат: Бид муугийн магнайд тууж явна

-1992 онд баталсан Үндсэн хуулийн үзэл санаа бидний өнгөрсөн 30 жилд ярьж ирсэн нийгмээс өөр байна. Бид маш олон зүйлд сэтгэл ханамжгүй байна. Ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх, эдийн засаг бүр үндэсний бөх, цагаан сараа тэмдэглэх, сүүлдээ дуу хуур дээрээ хүртэл шүүмжлэлтэй хандаж ирлээ. Болохгүй байна гээд л. Ингэж амьдаръя гэж тохироогүй биз дээ. Бидний зориод байсан сайхан нийгэм, ардчилал, тэгш эрх, шударга ёс, чөлөөт нийгэм, хангалуун амьдрал байхгүй байна шүү дээ. Гэхдээ энэ ганц манай асуудал биш. Дэлхий нийтээрээ ардчилал гажуудсан, дүр исгэсэн, хэлбэрийн төдий байгаа тухай ярьж байна. Ардчилал, хүний эрхийг дээдэлнэ гээд яриад л байгаа. Гэвч амьдрал дээр хуулийн дагуу хүний эрх зөрчөөд байна. Хязгаарлуулаад, баривчлагдаад, хоригдоод, шийтгүүлээд л. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох тэгш эрх огт хангагдахгүй. Яав аа, бид юунд алдчихав, яагаад ийм байдал хүрчихэв.

Монгол Улсад өнөөдөр 600 гаруй хууль хэрэглэдэг. Үүний 280 орчим нь тогтмол нийгмийн харилцааг зохицуулдаг. Хууль батлаад л бүх зүйл сайхан болчих байх гэсэн болсонгүй. Учир нь хуулиа цаасан дээр бичсэнээс огт өөрөөр хэрэгжүүлээд болдоггүй ээ. Бид соёлын, зан үйл, хэм хэмжээ, бүтэц зохион байгуулалтын түвшиндээ өөрчлөлтөө хийж амжаагүй байж таарлаа. Тэр дундаа хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийнхээ “толгойг” өөрчлөөгүй, хуучнаар нь орхичихсон.

Тухайлбал, цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой хууль бичээд, одоо үүнийг мөрдөөд бүх юм сайхан болчихно гэтэл үгүй. Яасан бэ гэхээр хүний эрхийг маш сайн дээдэлсэн хуулиа хуучны аргаараа уншаад, хэрэгжүүлээд байна. Яг социализмын үед ажиллаж байсан, тэр аргаараа л ашигладаг. Хуульд юү гэж заасан нь хамаагүй, дарга яаж хий гэнэ. Түүгээр нь хийдэг. Энэ бол дүр эсгэсэн ардчилал. Товчхондоо, бид муугийн магнайд тууж явна. Тиймээс бидэнд Democratic Transformation буюу гүн өөрчлөлт хэрэгтэй. 

Сайд асан Х.Тэмүүжин: Нийгмийн ганхуулахуйц дөрвөн ноцтой үйл явдал сарын дотор өрнөсөн 

-Он гараад сар болоогүй байна. Гэхдээ сууриар нь харвал манай нийгмийн ганхуулж болохуйц дөрвөн ноцтой үйл явдал Монголд өрнөсөн. Эхний нь онц солигдох мөчид иргэн ТВ рүү салаавч гаргасан гээд хуулийн хариуцлага хүлээсэн. Манайх хаант засаглалтай биш. Эзэн хааны нэр төр халдашгүй байх ёстой гэдэг ойлголтоор Ерөнхийлөгчийн институт ажиллаж, гэртээ үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүнийг маш хурдан шалгаж хариуцлага тооцсон. Даргын өөдөөс үг хэлэхэд хурдтайгаар хуулийг “ажиллуулж” болдгийг маш тодоор харуулсан. Иргэн хулгайд эд зүйлээ алдсан бол шалгалт 3-4 жил үргэлжилдэг.

Стандарт, үзэл санааны хувьд маш том зөрүүтэй хандлагын асуудал. Democratic Transformation суурь зүйл рүү орж ирэх ёстой. Тэгэхээр манай суурь тулгын чулуу дотор нэр төр гэдэг ойлголт иргэнээс халиад явсан гэсэн үг. Ардчилсан улсад нэр төр гэдэг ойлголт зөвхөн хүнд л байдаг. Төрд байж болохгүй. Хоёр дахь нь согтууруулах ундаа хэрэглээгүй хүнийг эрүүлжүүлэхэд өгсөн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага дотор мөрдөгчтэй маргасан өмгөөлөгчийг эрүүл байхад нь эрүүлжүүлэхэд хорьсон асуудал юм. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийг өөрийнх нь үгээр байсангүй гэж Мөрдөгч өөрийн дураар эрх чөлөөнд нь халдсан.

Монголд хуульчид хүнд туслах нь битгий хэл өөрийнхөө эрх чөлөөг хамгаалах хэмжээний байр суурьтай байж чадахгүйг харуулж байна. Хууль засагладаг ардчилсан улсад маш аюултай кэйс юм. Гуравт “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” дүрэм бичсэн салбарын дагуу эргэсэн чинь цагдаа торгосон асуудал гарсан. 2500 жилийн өмнө Ромд зарлагдсан хууль бүхнээс илүү гэдэг зарчим дэлхий нийтэд ололт болсон. 2500 жилийн дараа Монголд энэ ололтыг үгүйсгэсэн. Дөрөвт, маш том дэлбэрэлт болсон. Democratic Transformation буюу гүн бүтцийн өөрчлөлт хийхгүй л бол засагдахгүй алдаа сарын дотор дөрөв гарсан. Жилийн хугацаанд 40-50-иараа л гардаг. Эдгээр нь ардчиллын гажуудал. Үүнийг бид анзаарахгүй байна. Үүнийг бид засахын тулд явна. 

Мэдээллийн эхэнд М.Чимэддорж: Нийгэмд тулгамдсан асуудлын цаад шалтгааныг гүнд нь ортол судална

-Ардчиллын гажуудлыг засахаар бид ажиллаж байна. Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлын цаад шалтгааныг гүнд нь ортол судална гэсэн үг. Энэ нийгмийг өөрчлөхийн тулд бид ямар түвшинд ажиллах вэ гэдгээ эргэж харж байна. Үнэт зүйл дээрээ буулт хийсэн ардчилал бий болохоор Үндсэн хуулийн зарчмууд танхаг төдий болчихдог. Бид ийм ардчиллын үед амьдарч байна. Товчхондоо ардчиллын гажуудыг засах нь  Democratic Transformation юм хэмээлээ.  

Улс төр судлаач Х.Номингэрэл: Улстөрчид бодлого хөгжил хэрэгжүүлэх биш эрх мэдэлд яаж удаан тогтох вэ гэдэгт толгойгоо ажиллуулдаг 

– Та хорооныхоо иргэдийн нийтийн хуралд суудаг уу. Угаасаа суух боломж хомс байдаг. Хорооныхон зарлалаа нөгөө жижигхэн бооёо гэдэг шиг үл үзэгдэх байдлаар тараадаг. Б.Чимид багшийн Эрх зүйн шинэчлэлийн таван үе шат загварчлал бий. Одоо бүх бодлогоо хамж шимээд “Алсын хараа-2050” гээд ганцхан бичиг баримттай болсон. Ингэхдээ Б.Чимид багшийн боловсруулж байсан загварыг ашиглаж хийсэн. Багш асуудлыг эртнээс л харж байж. Тиймээс эхний ээлжид эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Иргэд төр засгаас хууль л хүсээд байдаг. Нөгөөдүүл нь батлаад л байгаа. Гэтэл хуулийн хэрэгжилтэд тавих хяналт алга.

Бодитоор хэрэгжихгүй байна. Хууль зүйн боловсролын шинэчлэлээ хангалттай хийж чадаагүй. Оюуны хулгайтайгаа тэмцэж чаддаггүй. Хууль зүйн шинжлэх ухааны арга зүйн шинэчлэл хангалтгүй байгаа юм. Хууль зүйн ухамсрын шинэчлэл нь хамгийн төвөгтэй хэсэг нь. Энэ ажлуудыг төрийн зүгээс шинэчлээгүй. Тиймээс эдгээр суурь асуудлуудыг  засах талаар Democratic Transformation ярьж байгаа юм. Улстөрчид бодлого хөгжил хэрэгжүүлэх биш эрх мэдэлд яаж удаан тогтох вэ гэдэгт толгойгоо ажиллуулж байна. Тиймээс бид асуудлыг илүү ойлгож, засахын тулд гүн гүнзгий шаардлага тавих хэрэгтэй.

Эх сурвалж: Unuudur.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close