НийтлэлУлс төрОнцлох

“Тогтолцоо”, том хулгай хоёрыг задалсан 2023 оны улс төр

Монголын улс төр энэ 2023 онд урьдынхаас арай өөрөөр “бужигнаж” өнгөрлөө. Товчдоо, улсаа тонох боломжийг бий болгодог 30 гаруй жилийн улс төрийн тогтолцоог “онилсон” Үндсэн хуулийг өөрчлөлтийг хийв. Ирэх сонгуулиас хэрэгжиж эхэлнэ.

Үүний зэрэгцээ улс орны хөгжлийг олон жил гацаасан бүлэглэлүүдийн авлига төрийн ч, олон нийтийн ч онцгой анхааралд байлаа. Хөгжлийн банк, нүүрсний хулгайг олон нийт нээлттэй “сонссон”-оор томоохон авлигын схем задарч, систем нь нурж эхлэв. Өөрөөр хэлбэл, ингэж 1990-ээд оноос хойш оршин тогтнож ирсэн “тогтолцоо”, том хулгай хоёрыг задалсан нь 2023 оны улс төрийн гол “сэдэв” болж байна.

ХАВРЫН ЧУУЛГАНААР “ХОЛИМОГ 126”, НАМРЫНХААР “ТОМ ТОЙРОГ”

Хоёр ч чуулган дамжуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь алсдаа улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт авчрахаар болсныг судлаачид, ажиглагчид онцолж байна. УИХ-ын хаврын чуулганаар Засгийн газраас санаачилж оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан.

Түүгээр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй болгож, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгохоор болсон юм. Өөрчлөлтийг дагуулаад УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуулиудыг шинэчилсэн.

Эрх баригчид “…Энэ өөрчлөлтийг УИХ-ын гишүүд бол дарга биш, ард түмний элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх үүднээс хийлээ” гэж тайлбарласан. Үнэхээр ч гишүүдийн тоог нэмэх нь 1992 оноос хойшхи сонгогчдын тооны өсөлт, түүний дараагаас жил ирэх тусам гаргасан шийдвэрүүд нь “гаднын нөлөөлөл”-тэй болж буй байдал зэрэг нь дээрх өөрчлөлтийг шаардаж байсан юм.

Түүнчлэн УИХ-ын дарга хаврын чуулганы өмнө “…Хаврын чуулган авлигын эсрэг чуулган байх болно” гэж зарласан. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.

Улмаар намрын чуулганаар, ердөө өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулахаар боллоо. Угтаа энэ нь хаврын чуулганаар оруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг бататгасан явдал болсон. “..Барьц ахиулж, баталгаажуулсан” гэсэн ч болно. Энэ нь “…Гишүүд жалга довны улс төр хийхгүй, улс орны хэмжээний асуудалд анхаарах боломж” гэдэг тайлбартай.

Бас л үнэн. Ер нь бол улс төр талаасаа бүх намд жигд боломж олгоно. Эрх барьж буй МАН-д нэлээд халтай байх магадлалтай. Гол нь Үндсэн хуулийн эдгээр өөрчлөлт өнгөрсөн 33 жилийн улс төрийн тогтолцоог задална. Удахгүй, ирэх онд болох УИХ-ын сонгуулийн дараагаас биеллээ олно гэсэн үг.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖИЛ БА “АЖИГЛАЛТ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд бүрэн эрх, хүлээсэн үүргийн дагуу энэ 2023 онд Монгол Улсын гадаад бодлогод илүүтэй анхаарах шиг боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есдүгээр сард Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав.

Судлаачид Папын айлчлалыг “…Геополитик, соёл уламжлал, нийгэм улс төрийн ач холбогдолтой болсон” гэж дүгнэсэн. Пап Монголд ирээд “…Шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг дархлаа болж байдаг.

Авлига хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг бөгөөд амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдан, тэнгэр өөд ч харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон юм. Та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ”.

“Тэр их уудам нутаг дэвсгэртэй эзэнт гүрнийг удирдахдаа танай өвөг дээдэс тухайн орон нутгийн онцгой авьяас чадвартай хүмүүсийг нь таньж илрүүлэн, тэднийг нийтийн тусын тулд удирдах албанд томилдог байсан. Энэ загварыг эргэн үзэж өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх нь чухал”. Ер нь та нар алдарт яруу найрагчийнхаа хэлснээр Тэнгэр шиг бай” гээд буцсан.

Үүнийг манайхан “…Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн гол сорилтын үндэс суурийг тодорхойлж, яаж шийдэж болох тухай санаа бодлоо хуваалцав” хэмээсэн. Гэхдээ Ромын Пап түүхэнд анх удаа айлчилж ирсэн нь геополитикийн асар ойлгомжгүй өөрчлөлт дунд Монголыг дэлхий дахинаа танилцуулсан явдал болов.

Бас нэг онцлох үйл явдал нь Францын Ерөнхийлөгч хавар Монголд ирж, манай Ерөнхийлөгч намар нь Францад айлчилсан.

Францын ерөнхийлөгч Э.Макроны манай улсад тавдугаар сард хийсэн анхны түүхэн айлчлалын үеэр талууд хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд “…Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш” гэсэн бол Франц улс Монгол Улсыг “…Онцгой түнш” гэж тодорхойлсон. “…Энэ түншлэл нь хамтын үнэт зүйлд суурилсан нийтлэг зорилгод хүрэхийн тулд Европын холбоо болон тус холбооны гишүүн бус улсуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн баяжуулж, улмаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хэрэглэдэг чухал ач холбогдолтой нэр томьёо” хэмээн судлаачид тайлбарласан.

Э.Макроны Монгол дахь айлчлалыг гаднын хэвлэлүүдэд “Монгол Улс нь бүс нутагтаа ардчиллын тод жишээ болсон. Харин сүүлийн үед худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр улам хараат болж байна. Тиймээс ардчиллын үнэт зүйлээ алдаж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэн. Э.Макрон айлчлалынхаа үеэр Монгол дахь ардчиллыг хамгаалах амин чухал хэрэгцээг тодруулахыг зорьж байна” гэж дурджээ.

Аравдугаар сард нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилсан. Францууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг “…Анх удаагийн төрийн айлчлал” гэсэн бол манай судлаачид “…Хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр улсын Төрийн тэргүүнүүд харилцан бие биедээ төрийн айлчлал хийж байсан явдал дипломат харилцааны түүхэнд нэн ховор” гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалаа “…Энэхүү төрийн айлчлал нь гуравдагч хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн.

Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилсан.

Нэн чухал ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, гамшигтай тэмцэх, байгаль орчин, гамшигтай тэмцэх, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо” хэмээсэн.

Ерөнхийлөгч дотооддоо “Хүнсний хувьсгал”, хүний эрхийн асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд онцгой анхаарч, идэвхжүүлж байгаа юм Түүнчлэн тэрбээр улс оронд болж буй үйл явдлуудыг анхааралтай ажиглаж, бүрэн эрхийнхээ хүрээнд зарим асуудалд анхаарал тавьж байгаагаа илэрхийлсэн.

Тухайлбал, нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн газар нутгийн зарим хэсэг гадаадын иргэдийн мэдэлд очсон байж болзошгүй мэдээлэл гарсан. Тэр талаар 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд “…Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж, олон нийтийг цочирдууллаа. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг илтэд зөрчсөн асуудал яригдлаа.

Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудалд онцгойлон анхаарч энэ асуудлыг Засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагыг яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм. Энэхүү байр сууриа Засгийн газарт чиглэл болгон өгч байгаа юм” гэсэн мэдэгдлийг түүний Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хийв.

ЗАСАГЛАЛУУДЫН ЗОДООН: ШЕЗ ЕРӨНХИЙ САЙДЫГ “ШҮҮВ”

Засгийн газар энэ оныг “Авлигатай тэмцэх жил” болгож зарласан. Түүндээ нийцүүлж УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлтүүд, Авлигын эсрэг хөтөлбөр, хуулиудыг санаачилж өргөн барих шиг болсон. Тэдгээрийг бүгдийг нь УИХ баталсан.

Харин “…Ил болгосон авлига, том хулгайн хэргүүд шүүх дээр гацаад байна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үздэг. Тийм мэдэгдэл олныг хийсэн. Үүнийхээ хариуд ШЕЗ-өөр “шүүлгээд” авсан. Өнгөрсөн хавар, дөрөвдүгээр сард ШЕЗ-ийнхэн Ерөнхий сайдын асуудлаар хуралдсан. Тодруулбал, ШЕЗ 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн. “…Ерөнхий сайдад хариуцлага тооцно” гэдэг нь “…Огцруулна” гэсэн үг л дээ.

ШЕЗ-ийн дээрх хуралдаанаар “…Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзсан. Тэгэхдээ “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая.

Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “…Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу.

Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэж ярьсан. 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн . “…Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Цэцэд хүсэлт гаргуулахаар Дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцжээ.

Ингээд хуралдаанд оролцсон есөн гишүүний зургаа нь дэмжиж, гурав нь татгалзсан байгаа юм. Гэхдээ энэ нь албажаагүй байдаг. Улмаар ШЕЗ-өөс 2023 оны тавдугаар сарын 1-нд “…ШЕЗ-ийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр зарим хэвлэл мэдээлжээ. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар Шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан.

Тус хуулийн 73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ.

Дээд шүүх Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. ШЕЗ Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэж мэдэгдэл хийсэн. Хэдийгээр энэ асуудал тэгсгээд сураг алдарсан ч шүүх болон гүйцэтгэх засаглалын тэргүүний хооронд зөрчил одоо ч байсаар байна.

Ерөнхий сайдын тухайд авлигын эсрэг үг хэлэх бүртээ л тэр агуулгыг давтдаг. Үнэхээр ч авлигын томоохон хэргүүд шүүхийн хаалга мөргөөд буцаад байгаа нь сүүлийн үед улам олширч байгаа юм. Уг нь мөрдөх байгууллагаас, прокуророос “…Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ” гэдгээ байнга мэдээлж байна. Гэвч “Эрдэнэт”-ийн 49, Т.Бадамжунайн хэргүүд мөрдөн байцаалтад буцсан. Энэ мэт хэргүүд ирэх сонгууль өнгөртөл шүүх рүү очихооргүй болж буй бололтой.

МАН НЭРЭЭ, ГИШҮҮДЭЭ ХАМГААЛААГҮЙ НЬ МОНГОЛД ТУСАА ӨГӨВ ҮҮ

Засгийн газрын “Авлигын эсрэг жил”-ийн акцуудад сүүлийн найман жил олонхиороо төрийн эрх барьж буй МАН-ынхан хамгийн их өртөж байна. Хөгжлийн банкийг тоносон, нүүрс хулгайлсан, БЗС-г хуурайлсан асуудлуудад энэ намынхан холбогдсон. Энэ нь дотооддоо ч асуудал үүсгэсэн. Тэр нууц биш. 2023 онд хоёр том хулгай буюу Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаар сонсгол хийлээ. Аль алиных нь үр дүн олон нийтийн сэтгэлд 100 хувь хүрээгүй ч олон жил тогтож ирсэн авлига, том хулгайн схемүүдийг илчлэв. Ер нь энэ том авлига, хулгайнуудын хохирлыг мөнгөн дүнгээр шууд тогтоох боломжгүй юм байна.

Хэр зэрэг илрүүлнэ, тэр хэрээр хохирол тооцох боломжтой аж. Гол нь энэ асуудал дээр эрх баригч МАН нэрээ бодож, гишүүдээ хамгаалсангүй. Тэр хэрээр тус намд “хүн чанар”-ын асуудал ч чамгүй хөндөгдлөө. Зөрчил нь ногоон автобус, дамжаад хотын авлигын томоохон бүлэг асуудлыг ч гаргаж ирлээ. Гэхдээ энэ бүхэн муу биш. Маш сайн. Ямартай ч улс төрийн нам, албан тушаал хоёроо урдаа барьж, авлига авч, ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг байсан явдал лав өнөөгийн МАН-д үгүй болж байх шиг байна.

Хамгийн чухал нь эрх баригчид ингэж өөрсдийнхнөө өмөөрч, “өнгөлөн далдлалт” хийхгүй байгаа нь улсын эдийн засагт шууд нөлөөлөв. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө “…Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ.

Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.

Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.

Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. Цаашид эдийн засгийг нээлттэй, ил тод болгох бодлогоо тогтвортой хадгалж чадвал валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байна” гэж мэдэгдлээ.

АН-ЫНХАН “ЭВДЭРХИЙ”-ГЭЭРЭЭ ЭВЛЭСНИЙ ХЭРГИЙГ ГАРГАЖ ЧАДАХ УУ

Энэ 2023 он АН-ынханд мартагдахааргүй “дурсамж” үлдээсэн. Яагаад гэхээр АН энэ жил дахин “мэндэлсэн” гэхэд болно. ҮБХ нь өнгөрсөн оны сүүлчээр бүрдэж, 2023 он гараад намын даргыг тодруулсан. Дор хаяж гурван жил хоосон явсан АН-ын даргын суудал энэ оны эхээр эзэнтэй болсон. АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон. Улмаар намын Улс төрийн зөвлөл, тэргүүн дэд дарга, дэд дарга нар, аймаг нийслэлийн намын удирдлагууд, АЭХ, АЗХ тус бүрээ эзэнтэй болгож чадсан. Ийн эвлэж нийлээд намаа дахин босгож буй дүр зураг 2023 онд бүтэн үргэлжлэв.

Тэд учраа олж, хэдэн жилийн эвдрэлцэлдээ цэг тавив уу. Эсвэл сонгууль дөхөөд хүчээр “нэг гэр”-т оров уу. Аль аль нь байх талтай. Гэхдээ “…Сонгууль дөхсөн” гэдэг нь үнэнд ойр хувилбар аж. Угтаа 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулж байсан нь түүх болон үлдэж, 2023 онд дахин шинээр мэндэлсэн шиг үйл явц өрнөлөө. Ингэхдээ тус намаас дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан эрхмүүдийн толгойлдог хоёр том фракц АН-ыг шинээр “эмхэлж” байна. Наанаа олон фракц, бүлэг ярьдаг ч яг ачир дээр нь энэ хоёр хүн л хумиад, бариад байна. Намын тэргүүн дэд дарга, зарим дэд дарга, Улс төрийн зөвлөл нь дөрөв дэх Ерөнхийлөгчийн фракцад очсон.

Харин нэр бүхий дэд дарга нар, Нийслэл, олонх аймгийн дарга нар, сая АЗХ-ны ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудыг тав дахь Ерөнхийлөгчийнх авсан. АН-ын даргын тухайд алинд нь ч албан ёсоор харьяалагдахгүй. Гэхдээ ямар нэг явдал тулахад сонголтоо хийдэг. Ийм байдал хэд хэдэн удаа давтагдсан. Уг нь Лу.Гантөмөр АН-ын даргын ажлаа их л эрч хүчтэй эхлүүлсэн. Эрч хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн дээ.

Тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 13-нд “…АН-д итгэж байсан хүмүүст зүтгэлээр хариулах ёстой. Энэ намыг зөв болгохын төлөө бид зүтгэх ёстой. Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй улс төрийн нам байгуулах ёстой.Тиймээс бид маш тунгалаг болох ёстой, ойлгомжтой байх хэрэгтэй. …Шударга ёсыг нам дотроо тогтооё. Нам дотор арын хаалга байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс нь урагшаа яв, зүтгэсэн хүмүүс нь, ард түмэндээ танигдсан хүмүүс нь дээшээ явъя. Нам бүтнээрээ тэр хүмүүсийн талд байя.

Хаа нэг газраас арын хаалганы хүн орж ирж, мөнгөтэй нь дээш явдаг байдлыг халъя” гэж байв. Үүнээс долоо хоногийн дараа “…Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг дэмжинэ” гэсэн байдаг. Ингэж гоё хэлж, тэр нь олон нийтэд таалагдсан.

УИХ дахь тус намын бүлгийн гишүүд 2023 оны гуравдугаар сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийж, “…УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна.

Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна” гэсэн юм. Ингэж мэдэгдэл хийсэн УИХ дахь бүлгийг нь бас нэг фракц гэж болно. Гэвч гишүүд өнгөрсөн хугацаанд “туслах дүрийн улс төр” хэрэгжүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр олны анхааралд орсон Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг бүхий л том хулгайд АН-ынхан аанай л холбоотой байна.

Тэр утгаараа сүүлийн үед хийгээд байгаа “Өргүй Монгол” зэрэг улс төрийн акцууд нь олон нийтэд төдийлөн хүрэхгүй байгаа юм. Тэгэхээр тэд зарим талаар сөрөг хүчний бус, эрх баригчидтай ижилхэн, жишээ нь “…Авлигаас салъя” гэх агуулга бүхий “уриа лоозон” дэвшүүлбэл амжилтад хүрэхээр байна. Цаашлаад ирэх сонгуульд хүмүүсээ онож дэвшүүлэхдээ тэд онцгой анхаарах хэрэгтэй юм. Учир нь сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр тэдэнд ашигтай. Ингэж гэмээнэ, “эвдэрхий”-гээрээ эвлэсний хэргийг нь гаргана.

ТОМ АМБИЙЦ “ТЭВЭРСЭН” ЖИЖИГ НАМУУД

“…Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй болох” Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Энэ нь 30 жил улс төр бараадаж гүйсэн жижиг намуудад том амбийц “бэлэглэсэн” юм. УИХ-д нэг суудалтай ХҮН-аас эхлээд гадна байгаа жижиг намууд албан ёсоор улс төрийн хүрээнийхний анхааралд орж ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсан даруйд тэдгээр намууд энд тэнд улс төрийн уулзалт хийж, зарим нэг нь нэр дэвшүүлэх эрх мэдлээ хүртэл бусдад санал болгоод эхэлсэн байдаг. Бас жижиг намуудын даргын төлөөх өрсөлдөөн ч ширүүссэн.

Тэгж байтал “…Бүсчилсэн том тойрог” гарч ирээд жижиг намуудыг бүр ч томруулаад байна. Үнэнийг хэлэхэд жижиг тойргоор сонгууль явуулахад жижиг намууд шахагддаг байсан. Одоо бол үгүй. Том тойргийн давуу тал нь тэр. Намуудад тэгш боломж олгоно. Тэр утгаараа өнөөдөр жижиг намууд томоос том амбийц “тэвэрчихсэн” тун чиг урамтай ирэх сонгуулийг хүлээж байна. Амбийц нь томорсон жижиг намуудын улс төр ч чамгүй томорч эхлэв. Саяхан даа, арав гаруй хоногийн өмнө ХҮН-аас мэдээлэл хийв.

Тэр үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд “…Өнөөдөр орон нутгийн АН-ын залуус, мөн ШИНЭ намын гишүүд ХҮН-д нэгдэж байна. Эрүүл саруул, улс орноо хөгжүүлье гэсэн хүн бүрт ХҮН-ын хаалга нээлттэй байх болно. Энэ бол нэг намын гишүүнчлэлийн биш, улс орны хөгжлийн асуудал юм” гэж мэдэгдэж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close