ЭМЯЭрүүл мэнд

Манай улсын үндсэн чадавхид үнэлгээ хийж байна

ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хэлэлцүүлэг /2023.11.21/ “Новотел” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Гурван өдрийн турш үргэлжлэх хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Ноцтой байдлын захирал Др.Бабатунде нар үг хэлж, Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний багийн бүрэлдэхүүнийг багийн ахлагч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Жорже Пинто Феррейра танилцуулсан.

Уг хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг “ОУЭМД-ийн зохицуулалт, үндэсний зохицуулагчийн үүрэг, нөлөөллийн үйл ажиллагаа” сэдвээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ДЭМБ-ын багийн ахлагч Ражеш Срийдаран нар тавьж хэлэлцүүллээ.

Түүнчлэн  “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн менежмент”, “Хууль эрх зүйн орчин”, “Санхүүжилт”, “Нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Хүний нөөц” зэрэг сэдвээр оролцогчид илтгэл тавилаа.

ДЭМБ-аас 2005 онд баталсан ОУЭМД нь гишүүн улс, орнуудаас хил дамнан тархах халдварт өвчнөөс сэргийлэх, халдварын дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээний цогц чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин төгөлдөр олон улсын гэрээ бөгөөд уг дүрмийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээг улс орнуудад 4-5 жил тутамд зохион байгуулахыг зөвлөмж болгодог.

Манай улс энэ чиглэлийн хоёр дахь үнэлгээнд хамрагдаж буй анхны улс болсон төдийгүй 2017 онд зохион байгуулсан ОУЭМД-ийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний багаас өгсөн 57 зөвлөмжийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдлаа хангахад хэрэгжүүлж ажилласан байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд хөндлөнгийн хамтарсан үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг салбар хоорондын байгууллагууд хамтран хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, тогтолцоог бэхжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close