БоловсролОнцлох

“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэв

Жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдрийг тэмдэглэж байхаар уриалсны дагуу өдгөө 190 гаруй орон нэгдэж энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, хүүхдийн дуу хоолойг сонсох, оролцоог нь нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг.

Тус өдрөөр “Хүүхдийн ертөнц-бүтээлч орон зай” өдөрлөгийг Соёлын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Оюуны ундраа групп хамтран зохион байгуулж, 2000 гаруй хүүхэд хамрагдсан.

Өдөрлөгт Соёлын дэд сайд М.Батбаяр, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч  Эваристе Коуасси-Комлан нарын зочид оролцож, хүүхдийн оролцоо, бүтээлч идэвхийг өрнүүлсэн хөтөлбөрүүдтэй танилцлаа.

Хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн бүтээлч идэвх, соёлын орон зайг нэмэгдүүлсэн сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүүхдүүдэд соёлын боловсрол олгох олон талт ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор өдөрлөгт 20 гаруй байгууллага нэгдэн боловсролын хөтөлбөр, сургалт, танин мэдэхүйн ажлуудыг зохион байгуулав.

Өдөрлөгөөр хүүхдүүд өртөөчилсөн байдлаар музей, соёлын өв, хүүхэлдэйн урлаг, театр, ном, гар урлал, уран зураг, уран бичлэг, анимейшн, комикс бүтээх, оньсон тоглоом зэрэг олон төрлийн боловсролын хөтөлбөр, сургалтад хамрагдаж,  уран бүтээлчид хүүхдүүдэд хүүхэлдэйн жүжиг, амьд хөгжим, хамтлаг дуучдын тоглолтыг толилуулсан.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр хүүхдийн эрх, сэтгэл зүй, эрүүл мэндийн чиглэлээр хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх эмнэлэг, сэтгэл зүйн баг ажиллав.

Соёлын яам тус өдрийн бэлгэ тэмдэг #GoBlue (Цэнхэр өнгөнд нэгдье) аянд нэгдэж,  НҮБ-ын Хүүхдийн Сантай 3 дахь жилдээ хамтран  хүүхэд, залуучуудын соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж хүүхдийн хөгжих, оролцох  эрх чухал болохыг нийгэм, олон нийтэд хүргэхийг зорьсон нь онцлог юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close