Өв соёлОнцлох

“Монгол хувцасны нууц товчоон -20 жил” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол бахархалын өдрийг тохиолдуулан   “Монгол хувцас-Монгол бахархал” уриан дор “Монгол хувцасны нууц товчоон 20 жил” хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол костюмс” компани, “Сэмүүн студи” хамтран Гадаад Харилцааны Яамны Номин танхимд зохион байгууллаа.

Биднийг хэн бэ, ямар угсаа гаралтай, ямар үүх түүхтэй, ямар ёс заншилтай, ямар оюуны сэтгэлгээтэй, ямар үнэт зүйлтэй, ямар соёлтойг гаднаас нь хараад илтгэх дээл хувцасанд  Монголчуудын язгуур шинж чанар нэвт шингэсэн байдаг.

Олон мянган жилээс өнөөг хүртэл төгс хэлбэрээ хадгалсаар ирсэн МОНГОЛ ХУВЦАСнаас монголчуудын хамгийн эрхэм дээд эрхэмлэл, эрхэмсэл, ёс заншил, бэлэгдэл, урлахуйн ухаан, улиран одсон түүх, ухааралыг ч бас харж болдог.

 Монгол костюмс компани, Сэмүүн студи байгуулагдсан цагаасаа эхлэн археологч, соёл судлаач, урлаач нартай хамтран 20 жил эрэл хайгуул хийж эмхэтгэн нэгтгэж ном – театр мода – баримтат кино болгон Монгол Хувцасны Нууц Товчоон хэмээх гурвалсан бүтээл бүтээснээ Монгол бахархалын өдөр толилуулж байна.

Хүн төрөлхтөний соёл иргэншил, түүх, угсаатан зүйн судлалд монгол туургатны оруулсан үлэмж их хувь нэмрийн нэгээхэн нь Монголчуудын хувцас билээ. Монголчууд түүхийн урт хугацаандаа өөрийн түүх, соёлыг бүтээнгээ үндэсний өвөрмөгц хувцас болон хувцасны өвөрмөц соёлыг бий болгожээ.

Түүхийн сурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харъяат улсын дотор журамлан мэдүүлж даган мөрдүүлсээр иржээ. Монгол газар анхны төр байгуулсан Хүннү нар өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Дай Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлсэн байдаг.

Монголын эзэнт гүрний цагт их хаан Мөнх 1252 онд, Хубилай хаан 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж мөрдүүлж байжээ. Хэн, хэзээ ямар хувцас өмсөх тухай хувцасны хууль мөрдүүлж байсан түүхэн энэ эх сурвалж нь бидний өвөг дээдэс төр улсаа мандуулж явахдаа өөрсдийн өмсгөл зүүсгэлдээ ямар их ач холбогдол өгч байсныг харж болох юм. Мөн хувцасны ямар өндөр соёлтой ард түмэн байсныг харуулж байна.

Дэлхийн талыг дээл хувцсаараа эрхшээж байсан бадрангуй цаг үе байсан ч түүхийн санамж алдагдсан нэгэн цагт монгол хувцсаа хуучин нийгмийн үлдэгдэл хэмээн зөвхөн малчид, хөгшчүүдийн өмсгөл төдий болтол гадуурхаж байсан гашуун цаг үе ч бидний түүхэнд бий.

Даяаршил  эрчтэй явагдаж буй  энэ эрин үед монголоороо үлдэх, монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлж хойч үедээ үлдээх нь Монгол улс хөгжин дэвжих тусгаар тогтнолын баталгаа, соёлын дархлаа болж байна.

Монгол хувцасны нууц товчоон 20 жил” хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын гадаад хэргийн яам, Наран фүүдс компани дэмжин ажиллалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close