ОнцлохЧөлөөт цаг

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Соёлын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо  “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэн арга хэмжээ нь Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготой бөгөөд байгалийн, үйл явдлын, баримтат, уран сайхны болон хэвлэл мэдээллийн зэрэг гэрэл зургийн бүхий л чиглэлээр шилдэг бүтээлүүдийг дэлгэж олон нийтийг мэдээлэл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх  эрэлт, хэрэгцээг хангасан өргөн агуулга бүхий томоохон анхны арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.

Арга хэмжээнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид, тодруулбал “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл зургийн агентлагууд, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын  нэгдэл, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг, спортын гэрэл зурагчид, “Хүрээлэн”, баримтат зургийн “Батзориг сан”, өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын гэрэл зурагчид, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцож байна.

Энэ үеэр Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн: “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэнг анх удаа Монгол Улсад зохион байгуулж байна. Соёлын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд 200 гаруй уран бүтээлчдийн гэрэл зураг дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд 7 хоногийн туршид Монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал,  дроны, гар утасны зураг авалт, шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, зөвлөгөө, ярилцлага, хэлэлцүүлэг, мөн гэрэл зурагчны аппарат хэрэгслийн засвар үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан зэрэг арга хэмжээ зохиогдож байгаагаараа онцлог юм. Гэрэл зургийн төрөл бол урлагийн маш хүчтэй төрөл гэж үздэг. Гэрэл зурагчин хүн өөрийнхөө амьдрал, өөрийнхөө хандлагыг гэрэл зургаар харуулдаг. Овсгоотой, ур чадвартай нэг гэрэл зурагчин хэдхэн секундэд буулгасан тэр агшин магадгүй хүн төрөлхтөнийг өөрчлөх дуу хоолойг хүргэж чаддаг гэдэг утгаараа маш хүчтэй. Энэ утагаараа гэрэл зураг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна сонирхогчид нь хэдэн 100 саяад хүрдэг гэж болно. Тиймээс Монголын залуучууд гар утаснаараа болон зургийн аппаратаар гэрэл зураг авах сонирхол нь их болсон тул урлаг, бүх нийтийн соёл гэдэгт тулгуурлан энэ удаагийн арга хэмжээ г зохион байгуулж байна” гэлээ.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдэд агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах орчныг бүрдүүлэн олон талт боломжийг олгож байгаа юм.

Үзэсгэлэн, арга хэмжээ Хан-Уул дүүрэг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close