ЭМЯ

УГТЭ “Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн технологи, тоног төхөөрөмж, шилдэг үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэдэг хамгийн том үзэсгэлэн болох “Эрүүл мэндийн технологи-2023” гурван өдөр үргэлжилж, шилдгүүдээ /2023.09.24/ шалгарууллаа.

Үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг болон үзэсгэлэнг зохион байгуулагчдын нэг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагынхан, эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Үзэсгэлэнг хааж ЭМЯ-ны газрын дарга П.Оюунцэцэг хэлсэн үгэндээ “Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд “Эрүүл мэндийн технологи-2023” үзэсгэлэн хүрээгээ өргөжүүлж олон улсын хэмжээнд амжилттай болж өндөрлөж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд БНСУ, БНХАУ-аас эрүүл мэндийн салбарын 17 байгууллага, 30 гаруй орны эм, эмнэлгийн хэрэгслийн төлөөлөгчийн газар оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Цаашид  уг үзэсгэлэнд илүү олон орныг хамруулж, эрүүл мэндийн салбарын ахиц дэвшил, шинэ технологийг танилцуулах нь шинэ технологийг өөрийн оронд нэвтрүүлэх том боломжийг нээх үүд хаалга болно гэж үзэж байна” хэмээн үзэсгэлэнг ирэх жилүүдэд илүү өргөн хүрээнд зохион байгуулахад ЭМЯ-ны зүгээс анхаарч ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлсэн юм.  

“Эрүүл мэндийн технологи-2023” үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 50 орчим байгууллага оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн болон нэвтрүүлэх боломжтой шинэ технологи,тоног төхөөрөмж, эмчилгээ, оношлогооны аргачлалыг танилцуулсан билээ.

Уламжлал ёсоор салбартаа шинэ технологи, инноваци нэвтрүүлсэн шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулсан бөгөөд “Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар Улсын гуравдугаар төв эмнэлэг шалгарлаа.

Тус эмнэлгийн зүрхний хэм судлалын эмч мэргэжилтнүүд зүрхний хэм алдагдлын үед эмгэг сэрэл өгч буй цэгийг илрүүлж, хөлдөөх замаар эмчлэх технологийг Монгол Улсад шинээр нэвтрүүлсэн билээ.

Мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн

  • “Шилдэг эм үйлдвэрлэгч байгууллага”-аар “Энхийн шүүдэр” эмийн үйлдвэр
  • “Шилдэг импортлогч байгууллага”-аар “Монгол эм импэкс” концерн
  • “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага”-аар “Мөнхийн тун” ХХК
  • “Шилдэг дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж”-өөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг
  • “Шилдэг оролцогч эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч байгууллага”-аар “Монгол фарм” ХХК
  • “Шилдэг оролцогч эрүүл мэндийн байгууллага”-аар Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  • “Шилдэг оролцогч эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллага”-аар “Баянгол Мед” ХХК
  • “Шилдэг оролцогч олон улсын байгууллага”-аар “Котра Улаанбаатар” тус тус шалгарлаа.

“Эрүүл мэндийн технологи” үзэсгэлэнг 11 мянга гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд 5000 гаруй иргэн төрөлжсөн нарийн мэргэшлийн эмчийн үзлэгт хамрагдсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close