Гадаад харилцааЗТХЯОнцлох

Тяньжин боомтын түгжрэлийг арилгана

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жу Пен тэргүүтэй төлөөлөгчид болон Тяньжины далайн боомтын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

Тяньжин боомтод чингэлгүүд 50-60 хоног саатдаг, 500-1000 долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг асуудал үүсээд байна.

Авлига өгвөл ачаагаа 1 хоногт авдаг, албан журмаараа явбал жар хоног саатдаг асуудлаас болоод импортын барааны үнэ өртөг өсөх, хангамжид нөлөөлж, Монгол Улс хохирч байгааг Тяньжин хот болон боомтын удирдлагууд анхаарч ажиллахыг хүслээ. 

Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 доллар байхад манай компаниуд 300 доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 доллар төлж байгаа асуудлыг судалж бууруулах арга хэмжээ авах талаар ярилцлаа. 

Тяньжин боомтын зүгээс Монгол Улс руу чиглэсэн чингэлэг олон хоногоор саатаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулдаг байх зохион байгуулалт хийж ажиллахаар боллоо.

Хахууль төлсөн нь хурдан ачигддаг асуудалд Тяньжин хотын зүгээс хуулийн байгууллагатайгаа хамтран албаны шалгалт хийж үр дүнг ойрын хугацаанд танилцуулна. 

Тяньжинаас Улаанбаатар хүртэл тээврийн үнэ, тарифыг бууруулах асуудал дээр Тяньжин боомт, “УБТЗ” ХНН хамтарч ажиллахаар тохирлоо.

Монгол Улсад олгосон Тяньжин боомтын Дунзьяны 10 га газарт ачаа тээврийн логистик терминал байгуулах ажлыг эрчимжүүлэн хөрөнгө оруулалт хийх асуудлыг нэн даруй шийдвэрлэх, бодитой үр дүн гаргаж ажиллахыг Тяньжин боомтын захиргаа болон “Монголын төмөр зам”  ТӨХК-д хоёр талаас үүрэг болгов. 

Замын-Үүд өртөөнд хуурай боомт байгуулах талаар судалгаа хийж, Тяньжин боомттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах талаар шийдэл гаргахаар тохирлоо. 

ШИНЭ СЭРГЭЛТ – БООМТЫН СЭРГЭЛТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close