ХАА-н салбарЯрилцлагаМБАНХGreengoldЭдийн засагFocus

Б.Ууганбаатар: Мал, махаа зах зээлд борлуулах асуудалд толгой өвдөхгүй боллоо

Монгол малыг эдийг засгийн зөв эргэлтэд оруулах зорилготой “Малын цахим худалдааны зах”-тай хамтран ажиллаж буй “Буянт хан Түмэн сүрэг” хоршооны гишүүн, Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн малчин, Бум-Эрдэнийн Ууганбаатартай ярилцсанаа хүргэж байна.  

-Малчдад тулгамдаж байгаа асуудлыг шийдэх боломжтой юу ?

-Малчин бидний амьжиргааны гол эх үүсвэр болсон МАА-г эрхлэн явуулахад байгаль цаг уурын нөхцөл, мал ахуйгаа борлуулах, өвс тэжээлээ бэлдэх зэрэг асуудлууд тулгарч байдаг. Энэ асуудлуудыг шийдэхэд маш том дэмжлэг, давуу талыг хоршоо маань бий болгож чадлаа. Тодруулбал, “Малын цахим худалдааны зах”-ын захиалгын дагуу мал, махаа худалдсанаар зах зээлд борлуулах асуудалд толгой өвдөхгүй боллоо. Хэрэглэгчид ч гэсэн малаа шууд малчдаасаа мал авах боломж ингээд бүрдэж байгаад их таатай хандаж байна.

-Малчид ер нь хоршоотой хамтарч ажиллахаас өмнө мал, мах, түүхий эдээ ямар байдалтай борлуулдаг байсан бэ?

-Өмнө нь хотноос ченжүүд ирж малыг маань их бага үнээр тооцож аваад явна. Хотод очоод үнэ хүргэнэ, гэтэл махны үнийн хөөрөгдөлд малчдыг буруутгана. Асуудал их л байлаа. Гэхдээ бид бэлчээрийн гарц муу, бэлчээрийн даац хүрэлцэхгүй зэрэг тулгамдсан асуудлыг даван туулахын тулд малаа чанаржуулах бодлого баримталж малаа маллаж ирсэн.  

-Тоонд биш чанарт тулгуурлах нь ямар ашигтай талаар илүү тодруулбал?

-Малын тоо олон байхаасаа илүүтэйгээр хэрэглэгчдэд тарган, таваарлаг мал мах нийлүүлэх  бодлогыг баримталж, эрчимжсэн МАА-н хөгжүүлэх зорилгооор “Түмэн сүрэг” хоршооны маань үйл ажиллагаа  чиглэж байсан. Одоо улам өргөжин дэлгэрч байгаад баяртай байна.

Малчин хүний санхүү нь яг хэзээ сайжирдаг юм бэ?

-Малчид бид чинь хавартаа ямааны ноолуур, өвлийн цагт идэш бэлтгэлийн үеэр хэдэн малаа зарж санхүүгийнхээ асуудлыг шийдэж ирсэн. Тиймээс энэ цахим худалдаа нэвтэрснээрээ хэрэгцээтэй үед нь хүмүүст малаа өгчихөөд гар дээрээ бэлэн мөнгөтэй болох боломж бүрдэж байна. Нэг талдаа малчин түмэндээ ашигтай.

Нөгөө талаараа төв суурин газрын хүмүүстээ ч ашигтай ажил болох юм. Ямар мал хаанаас яаж нийлүүлсэн, ямар малын мах идэж байгаагаа мэдэхгүй байсан. Одоо шууд малчны хотноос буюу манай хоршоотой хамтраад өвлийн идэш, хоолныхоо махыг хүлээн авах боломжтой болчихлоо.

Ингэснээр төв суурин газрын иргэддээ эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл баталгаажсан, эрүүл аюулгүй, чанартай найдвартай мал махыг шууд нийлүүлэх юм шүү дээ. Туршилтын худалдаа ч амжилттай боллоо, цаашдаа бодитоор хэрэгжүүлж, илүү өргөн цар хүрээтэйгээ амьдралд нэвтрүүлж, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Төр засгийн зүгээс ч бидний хамтран хэрэгжүүлж, мал мах нийлүүлэх шинэлэг ажлыг маань дэмжих байхаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close