Тамирчдын амжилтСурвалжлагаWorldОнцлохФото сурвалжлага

Жюү жүцүгийн ДАШТ-д 50 гаруй орны тамирчид өрсөлдөж байна

2023 оны Жюү жүцүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Степпе Арена”-д /2023.07.14-22/ үргэлжилж байна.

Зургаан өдрийн турш үргэлжлэх 20 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, ОУЖЖХ, Ирак, Израиль, БНСУ, Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам зэрэг 50 гаруй орны 600-аад тамирчин өрсөлдөж байна.

Эхний хоёр өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид 10 алт, 13 мөнгө, 13 хүрэл, нийт 36 медальтай багийн дүнгээр тэргүүлж байгаа юм.

Тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ өчигдөр /2023.07.16/ боллоо. Зохион байгуулагчдын зүгээс үндэсний ёс заншил, өв уламжлалаа сурталчилан таниулж, тэмцээнд оролцогчид зохиомж үзүүлбэрүүдээ сонирхууллаа.

Жюү жүцүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна.

Монголын Жюү Жүцүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүх

Манай холбооноос 2019 онд анх Азийн аварга шалгарауулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байсан. Харин энэ онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах алтан боломж тохиолоо. Энэ бол Жюү жицүгийн спортыг сонирхдог, хичээллэдэг, үздэг хүн болгоны хүсэл мөрөөдөл гэж болно. Манай улсад маш олон залуучууд энэ спортоор хичээллэдэг. Тиймээс Дэлхийн аваргыг зохион байгуулах түүхэн завшаан тохисонд сэтгэл маш өндөр байна. Ташрамд хэлэхэд маш олон байгууллага, сайн дурынхан биднийг дэмжиж, энэ боломжийг бий болгосон. Бүх дэмжиж байгаа хүмүүст талархлаа илэрхийлье. ДАШТ маань 11 дүгээр сард болдог ч бид гадаадын улс орнуудад эх орноо сурталчлах, түүх намтар, урлаг соёлоороо бахархах зорилгоор Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж байна. Учир нь наадмын үеэр хот сэлүүхэн, цаг агаар сайхан таатай, хамгийн гол нь Соёлын маш олон арга хэмжээ болж байдаг. Тэмцээний хувьд маш эерэг, эвтэй найртай сайхан болж байна. Дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр төрийн асуудал. Нөгөө талаасаа монгол тамирчдын хувьд эх орондоо байгаа нь маш том давуу тал.

Олон улсын Жюү Жүцүгийн холбооны Ерөнхийлөгч Панагиотис Теодоропоулос

Энэ удаагийн тэмцээн үнэхээр гайхалтай болж байна. Зохион байгуулалт мэргэжлийн өндөр түвшинд байгаа нь дэлхий дахинд энэ спортыг таниулахад маш эерэг нөлөө үзүүлж байна. Дэлхийн хамгийн шилдэг гэсэн тамирчид Монгол Улсад хүрэлцэн ирж, энэхүү тэмцээнд оролцон өөр хоорондоо өрсөлдөж байна. Эдгээр бүх тамирчдын дундаас аварга болно гэдэг ямар хэцүү зүйл вэ гэдгийг мөн ийм хэмжээнд хүрэхийн тулд ямар олон хүчин зүйл нөлөөлдөг вэ гэдгийг харж болохоор байна. Миний хувьд тэмцээний зохион байгуулалт мэргэжлийн жишигт хүрсэн байдалд нь маш сэтгэл хангалуун байгаа. Мөн дээрээс нь монгол хүмүүсийн элгэмсэг зочломтгой занд гүнээ талархаж байгаагаа хэлэхийг хүсэж байна.

Азийн Жюү Жүцүгийн холбооны Дэд Ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар

2023 оны 20 дахь удаагийн Жюү Жүцүгийн ДАШТ маань бас тэмцээний маань нээлт амжилттай сайхан боллоо. Дэлхийн 50 гаруй орны тамирчдад үндэсний өв соёлоо танилцуулсан тоглолтоор нээлтийн ёслолоо хийсэн нь өндөр сэтгэгдэл төрүүллээ гэж байна. Туйлын их баяртай байна. Жюү Жүцүгийн Холбооны удирдлагуудын зүгээс нээлтийн ёслолын үеэр үндэсний хувцасаараа гоёж ирсэн. Зочид төлөөлөгчид ч бас үндэснийхээ хувцастай ирдэг байжээ гэж байна. Тэмцээний гурав дахь өдрөөс үндсэн буюу насанд хүрэгчдийн тэмцээн маань эхэлнэ. Олон улсын түвшний ДАШТ-ийг эх орондоо үзэх боломжийг алдалгүй “Степпе Арена”-д хүрэлцэн ирж монгол тамирчидаа дэмжихийг хүсэж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close